Сармагчны цэцэг өвчний clade 1b хүрээний вирус Африкийн 10 гаруй улсад тархаж, 500 орчим хүн амь үрэгдээд байгаа. Африк тивээс гадна Швед улсад тус өвчний шинэ хүрээний вирусын халдвар илрээд байсан бол Тайланд улсад илэрсэн байна. Ингэснээр Тайланд нь тус өвчний шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн Азийн анхны улс болж байгаа юм.
Тайландын Халдварт өвчний хяналтын газрын мэдээлснээр наймдугаар сарын 14-ний өдөр Африкийн орноос нийслэл Бангкок хотод ирсэн 66 настай европ эрэгтэй сармагчны цэцэг өвчнөөр халдварласан байна. Уг эрэгтэй Бангкокт ирсний маргаашаас нь эхэлж шинж тэмдэг илэрсэн тул тэр даруй эмнэлэгт ханджээ.
Африкийн улс орнууд дундаас халдвар хамгийн их тархаад байгаа нь Бүгд Найрамдах ардчилсан Конго улс юм. Мөн тус улстай хөрш Бурунди, Кени, Руанда, Уаганда зэрэг арав гаруй улсад халдвар тархсан. Эдгээр улсуудын заримд нь өмнө нь сармагчны цэцэг өвчний халдвар тархаж байгаагүй юм.
Швед улсад тус өвчний тохиолдол долоо хоногийн өмнө илэрснээр Африк тивээс гадна халдвар бүртгэгдсэн анхны улс болсон. Харин энэ удаад Тайланд хоёр дахь улс нь болж байна. Тайландын Халдварт өвчнийг хянах газар халдвар илэрсэн эрэгтэйтэй онгоцонд ойр суусан 43 зорчигчийг шалгаж байна. Тэднийг 21 хорногийн хугацаанд ажиглахаар болжээ. Мөн Тайланд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд халдварын эрсдэл өндөртэй 42 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах шаардлага тавьж байна.
Сармагчны цэцэг өвчний халдвар өмнө нь 2022 онд Африкийн болоод дэлхийн бусад улс орнуудад тархаж байхдаа clade 2 хүрээний вирусээр халдварлаж байсан. Энэ нь одоо тархаж байгаа clade 1b хүрээний вирусээр хөнгөн байсан. Энэ удаагийн халдварын вирус өмнөхөөсөө илүү хурдан тархах, хүний аминд хүрэх тохиолдол илүү өндөр байгааг ДЭМБ анхааруулсан. Тиймээс ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлахад хүрсэн юм.
Онц байдлын хүрээнд ирэх өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад вакцины сая сая тунг илгээхээр төлөвлөж байна.
Халдвар авсан тохиолдолд далд үе нь 6-13 хоног үргэлжилдэг гэж үздэг. Тус өвчин нь бэлгийн зам, арьсаар болон ойроос ярилцах, амьсгалах зэргээр халдварладаг. Халдварын эхэн үед халуурах, толгой, нуруу, булчин өвдөх зэргээр ханиадны шинж тэмдэг илэрч, улмаар арьс гэмтэж яр шарх гардаг. Энэ өвчнөөр халдварласан 100 хүн тутмын дөрөв нь нас бардаг байна.
ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарласнаар тус өвчний судалгааны ажилд ахиц дэвшил гарч, дэлхийн бүх улс оронд тус өвчнөөс хэрхэн сэргийлэх, сэрэмжлэх заавар зөвлөмжийг тараах юм байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх, бүс нутагт хариу арга хэмжээ авахад 15 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ. ДЭМБ-ын Онц байдлын сангаас 1,5 сая ам.долларыг гаргахаар төлөвлөж байна.