Цаг үеийн мэдээ

Байгалийн түүхийн музейн үндэс суурь Монгол Улсад орчин цагийн анхны музей байгуулагдсан 1924 оны үед тавигджээ. 1956 онд шинэчлэн байгуулагдсан Улсын төв музейн бүрэлдэхүүнд байгалийн холбогдолтой үзмэр, цуглуулга үзүүлэнгийн томоохон хэсгийг эзэлж байсан бөгөөд 1991 оноос бие даасан Байгалийн түүхийн музей болон өргөжжээ. Тус музей өнөөдрийн байдлаар 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалж байгаагаас гадна байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж байна. 

Байгалийн түүхийн музейн барилгад удаа дараа эвдрэл гарч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2013 оны 6 дугаар сарын 1-нээс бүрмөсөн хааж, шинэ барилга барих зураг төслийг ажлыг эхлүүлжээ. Шинэ барилгын ажил эдийн засгийн хүндрэлтэй цаг үетэй давхацсан тул ажил хэрэг болж чадалгүй 2019 онтой золгосон байдаг. 

2019 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад зогссон “зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгон ашиглах, барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд музейн үйл ажиллагааг Лениний музейд түр байршуулж, олон нийтэд үйлчлэх шийдвэр гаргаж байжээ. Түүнээс хойш дутуу барилгын зураг төслийг музейн зориулалттай болгон өөрчлөх, барилгын гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажлыг цар тахлын хүнд хэцүү цаг үед гүйцэтгэсэн байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлаг, дэмжлэгтэйгээр музейн зориулалт бүхий шинэ барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Байгалийн түүхийн музейн шинэ барилга ашиглалтад орсноор шинжлэх ухааны судалгаа, үзэгчдийн оролцоонд тулгуурласан дэглэлт, орчин үеийн технологийн шийдэл бүхий үзэгчдийг татах виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 12 байнгын үзүүлэнгийн танхим болон түр үзэсгэлэнгийн танхим, планетариум танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүртэй, барилгын В1 давхарт 540 автомашины зогсоолтой, нийт 38,406.35 м.кв талбайтай байхаар төлөвлөгдсөн.

Ташрамд дурдахад энэхүү музей барилга талбайн хэмжээгээр өнөөдөр Ази тивд үйл ажиллагаа явуулж байгаа байгалийн музейнүүд дунд 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.  

Таны сурталчилгаа