Цаг үеийн мэдээ

ХЭҮК-оос орон нутагт хүний эрхийн зөрчилд хийх шалгалт, хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэсэн мэдээл комисст ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу бид нэн яаралтай Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч болон Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл тайлбар авсан. Ер нь комисс дүрмийн бус харилцаатай холбоотой асуудал дээр хяналт шалгалт судалгааны асуудлыг тогтмол явуулж ирсэн. Бид бүхэн мэдээллүүдээ шалгаж байна. Холбогдох баримтуудыг цуглуулж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байгаа гэдгийг танилцуулъя.

-Өвчний оношны талаар мэдээлж болох уу?

-Хувь хүний нууц учраас өвчний оношны талаар мэдээлж болохгүй байна. Гэхдээ хоёр цэргийн биеийн байдал хэвийн. Өчигдөр шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр эмчилгээ сувилгаа үргэлжилж байна. Бид өчигдөр хоёр цэрэгтэй өөрсөдтэй нь уулзсан.

-Ар гэрээс нь хүсэлт ирүүлсэн үү?

-Албан ёсоор ар гэрээс нь хүсэлт ирээгүй. Гэхдээ бидэнд мэдээлэл ирсэн учраас бид хяналт, шалгалт хийж байна. Өчигдөр бидний эмнэлэгт очиход ар гэрээс хүмүүс байгаагүй. Тухайн хүмүүс Сүхбаатар аймгийн хүмүүс. Ер нь энэ төрлийн гомдол ХЭҮК-т ирдэггүй. Бид мэдээллийн мөрөөр л ажиллаж байгаа юм. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа