Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх О.Цэцэгбалын хамт нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Н.Батсайхан, Сувилахуй эрхэлсэн орлогч дарга Д.Уламбаяр, Нярайн тасгийн эрхлэгч Б.Өлзийхишиг нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэд туслах сувилагч болон сайн дурын ажилтны хөтөлбөр, түүний хэрэгцээ шаардлагыг танилцуулж, тодорхой санал хүсэлтүүдийг илэрхийлсэн юм.
Тодруулбал, сувилахуйн үйлчилгээний чанарыг сайжруулж, цогцоор нь үзүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүний нөөцийн хомсдолыг нөхөх, эмч, сувилагчдын ачааллыг бууруулахын тулд туслах сувилагч болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэн ажиллуулах шаардлагатай байгаа гэв. Тиймээс туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг их сургуулиудад нэвтрүүлэх, сургалтын төлбөрийг хөнгөлөх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхныг сайн дурын ажилтнаар ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд яамнаас дэмжлэг үзүүлж өгөх хүсэлтийг “Өргөө” амаржих газрынхан илэрхийллээ.
Төрөлжсөн ахлах сургуулиудыг бий болгохоор ажиллаж байгаа тул дээрх саналууд чухал болохыг Боловсролын сайд П.Наранбаяр хэлж;
- Эрүүл мэндийн яамтай ч мөн зөвлөлдөж, шийдэх ёстой тул уялдаатай ажиллах;
- Эрүүл мэндийн салбар хариуцлага өндөртэй тул бүх эмнэлэгт сайн дурын ажилтан ажиллуулах боломжгүй. Тиймээс аль эмнэлгүүдэд ажиллах боломжтойг судлан, танилцуулах;
- Багшлах боловсон хүчний нөөцийн талаар мэдээлэл өгөх;
- Туслах сувилагч, асрагчийн өнөөгийн статистик мэдээллийг боловсруулж гаргах шаардлагатайг онцлов.
Мөн туслах сувилагчийн хөтөлбөрийг анагаах ухааны сургуулиудад бий болгохдоо төрийн, хувийн их сургуулиудад тэгш нэвтрүүлэх ёстой бөгөөд Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах боломжийг судална хэмээв.