Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа. Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольж байгаа юм.
Тэгвэл ирэх даваа гарагт Барилга хот байгуулалтын сайд бродюрын “MNS”стандартыг өөрчлөхөөр болжээ. Үүнтэй холбогдуулан ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө бродюрын мөнгө тавихгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байв.
Тэрбээр “Энэ жил бид Улаанбаатар хотын төв магистраль авто замуудыг шинэчилж, дуусгана. Ирэх жил гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө. Ирэх жил “Туулын хурдны зам”, “Улаанбаатар хотын тойрог хурдны зам”-ын ажлууд эхэлнэ. Ирэх жил хийх авто зам, засварын төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй гэдгийг мэдэгдье” гэлээ.
2024-09-08
Улаанбаатарт байнга ,үндсэн оршин суугч орон нутгийн дугаартай машинатай бол татвар төлөөс авахгүй биздээ.