Цаг үеийн мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын цаг агаарын урьдчилан төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 2–3 нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.  

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын 3–4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарынундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй банйа. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

ЗӨВЛӨМЖ:

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2–3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3–4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Таны сурталчилгаа