Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Баянзүрх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.

Боловсролын сайдын зүгээс багш нарын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг тэгш хамран сургах, сурагчдад тулгардаг ачааллыг багасгах гэх мэт зорилгоор хэрэгжүүлж буй зохицуулалт, шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт сурагчдыг музей үзүүлэх бол гуравдугаар улирлын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах сургалтад хамруулна гэдгийг онцлов.

Захирлуудын хувьд сургууль болон заалны барилгууд ашиглалт, стандартын шаардлага хангахгүй, хүртээмжгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг онцолж, сургуулийн орон тооны нормативыг нэмэх, багш, ажилтнуудын цалинг өсгөх зэрэг хүсэлтийг илэрхийлсэн юм.

Засгийн газраас аль нэг салбарыг онцлох бус, төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь, инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөх бодлого баримталж буйг Боловсролын сайд хэлж, уулзалтын үеэр ирүүлж буй бүх хүсэлтэд хариу хүргүүлнэ хэмээв. Энэ мэтчилэн бүх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулна.

Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 34 ерөнхий боловсролын сургуульд 78,000 гаруй хүүхэд суралцаж, 7000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд тус дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 16 сургуулийн 8138 сурагч байсан. Үүнээс 10 сургуулийн 6743 сурагчийг түрээсийн хичээлийн байранд хамруулж, 5 сургуулийн дотоод нөөц боломжийг ашигласан бол 1 сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудал шийдэгдсэн байна.

Таны сурталчилгаа