Барилга, Авто зам, Гүүрийн инженерийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Asian Bridge competition 2024” буюу “Азийн ган гүүр” тэмцээнд энэ жил ШУТИС-ийн Барилга архитектурийн сургуулийн баг тамирчид Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, тэргүүн байр Гран при шагнал хүртжээ.
Вьетнам улсад зохиогдсон “Азийн ган гүүр” тэмцээнд Азийн 17 орны 21 баг оролцсон бөгөөд 4200мм урттай, 6мм хотойх, 500кг ачаа даах хүчин чадалтай гүүрийн загвар, тооцоолол гаргах, бүтээх үндсэн шалгууруудтай даалгаврыг Монголын баг чадварлаг биелүүлж, Япон, Индонез, Солонгос зэрэг улсын хүчтэй өрсөлдөгчдийг ялж тэргүүлсэн байна.
Мөн “Asian bridge competition 2025” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан ШУТИС-ийн Барилга архитектурийн сургуулийн багш С.Энхболд ахлагчтай багийн оюутан залуусыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
“Зам гүүр, гүүрэн байгууламжаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудын шилдэг залуустай өрсөлдөж монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг олон улсад гайхуулсан Та бүхнээр бахархахгүй байхын аргагүй. Монгол Улсын Засгийн газраас Гангийн үйлдвэр барих ажлыг удахгүй эхлүүлэх бөгөөд 2025 оноос эхлэн ган татлагатай гүүрэн байгууламж барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Гамшгийн эрсдэл жилээс жилд нэмэгдэж байгаа учраас дэлхий нийтийн жишгээр Монгол Улс ч Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулахаар зорьж байна. Энэ цаг үед инженер техникийн шилдэг залуус та бүхний оролцоо маш чухал” хэмээгээд салбартаа шагшигдсан мэргэжлийн экспертүүд болохыг хүсэн ерөөв.
1997 оноос хойш зохион байгуулагдаж буй “Азийн ган гүүр” тэмцээнд Монгол Улс 2017 онд анх оролцож байсан бөгөөд монгол оюутан залуусын мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал жилээс жилд ахиж, шинэ санаа, шийдэл гаргах, гоо зүйн болон чанарын өндөр түвшинд гүйцэтгэх байдлаараа цойлон шалгарчээ.