Цаг үеийн мэдээ

Говь-Алтайд багш, хүүхэд урамшуулах нэрээр баахан дарга, захир далимд нь тэднээс илүү бурамшуулдаг шог явдал болдог. Жишээ нь 2024 онд ЭЕШ-ндаа 700-800 оноо авсан 29 сурагч 3-5 саяын урамшуулал авсан бол Дарви сумын засаг  дарга М.Мэндбаяр, аймгийн засаг дарга Г.Чинбатын зээ дүү “Хантайшир-Эрдэм” сургуулийн захирал Т.Алдарсайхан нар хувийн дансандаа долоо, долоон саяын бурам хүртжээ. ЭЕШ-нд 700-гаас илүү оноо авсан 29 сурагчийг 60 саяар, бэлтгэсэн 25 багшийг  нийтэд 57 саяар урамшуулах далимаар сумын дарга нар, сургуулийн захирал, менежер, удирдлага нь  149 саяар нуга суга бурамшсан байна. 29 сурагч овоо үнэлгээ авсан биш 8 сумын дарга 2-7, 12 захирал 1,5-7, 12 менежер 1-5 саяар, нийт дүнгээрээ багш нараас ч, сурагчдаас 2,5 дахин их мөнгө хармаалсан байна.   

Үнэлгээ авсан сурагч, бэлтгэж сургасан багшаас илүү сумын дарга, сургуулийн захирал ямар гавьяа байгуулсан бэ? Үүр цүүрээр, үдэш шөнөөр ажлынхаа хажуугаар айл айлаар орж, хүний хүүхдийн хичээлийг давтуулдаг, гавалтай толгойтой, гайхалтай мэргэн сумын дарга, сургуулийн захирлууд юм уу гэхээр сураг ажиг ч үгүй байна. Хэн нэгний хүүхэд хичээлээ сайн хийлээ гээд засаг дарга сая саяар нь хармаалдаг эзнээ, нүдээ  олсон шагнал мөн үү? 

Сурах орчныг сайжруулсан гэж шагнасан юм уу гэхээр сургуулиуд нь модон жорлонтойгоо хэвээр байна. 

Аймгийнхаа ИТХ-аар баталсан журмаа зөрчсөн журамгүй явдал ч гаарсан байна. Анги олимпиадад 65-аас дээш хувийн гүйцэтгэлтэй бол шагнаж урамшуулна гэсэн журмаа мартаад, хичээл зүтгэлтэй цөөн хүүхдээ урдаа барьж, урамшаад зогсохгүй бурамшсан журамгүй дүрэмгүй баримтууд ч байна. Өмнөх жилээсээ ахисан гэдэг үгээр тагладаг ч бүр муугаас зүгээр муу нь дээр гэж үзсэн байна. Говь-Алтай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр өнгөрсөн 4 жилд 21 аймгаас 21-рт орж байснаа бодвол 18-рт буюу араасаа хүрэл медаль авсан өндөр амжилт гаргасан дарга нартай юм. Аймгийн төвдөө 4 жилд 2 эгнээ уртаашаа 800 метр зам тавьсан амжилтаараа 2 сумаас бусад нь засмалтай, зарим сум нь 2 цардмалтай болсон хөрш Ховдтой ширүүн өрсөлдөж байгаа юм.   

Аймгийн засаг дарга Чинбат асуулт асуусан сэтгүүлчийг ичээч гэж орилдог атлаа өөрөө бол үүндээ ичсэн шинж огт үгүй байна.  Чинбатын эхнэрийн 100 хувийн өмч “Аксу Алтай” компани Бугат суманд спорт заал, соёлын төв, Алтай хотод бохирын шугам, сургуулийн өргөтгөл зэрэг тендерүүдийг түүдэг. Аль 2018 онд авсан тендер гэж ноён Чинбат хэлдэг ч тухайн үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан, өөрийнх нь тойрог Бугат суманд одоо ч ажил нь дуусалгүй 6 жил сунаж, өртөг төсөв өртөг нь өссөөр, өнөөдөртөө засаг даргын эрх мэдлийг атгадаг хүн юм. 

Өрөөнд нь зөвшөөрөлгүй орсон гэж биднийг аймгийнхаа цагдаад өгсөн гэж мэдэгдсэн. Татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгийг, татаас авдаг танай аймаг яаж таран үрэн хийж байгааг асуух нь мэдэх эрх, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг танд сануулъя. Авааль эхнэрийн чинь авсан ажлаа дуусгадаггүй,  ашиг сонирхлын зөрчилтэй, багш, хүүхдийн нэрийг барьж, АН-ын гишүүн засаг дарга нар, томилсон захирал, менежерүүддээ илүү чихэр өгч бурамшуулж, орон нутгийн сонгуулиа усалдаг, мөнгөддөг Г.Чинбат Таныг АТГ-т шалгуулахаар өгч байна. Хууль дуудсан цагт гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, ичээч гэж бусад руу орилолгүй, эхлээд өөртөө хэлээд шалгуулаарай.

Таны сурталчилгаа