Парис-2024 Паралимпын наадмаас пара пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ. Энэ үеэр олимпын иж бүрэн медальт Э.Содномпилжээ:
-Намайг дэмжсэн монголын бүх ард түмэндээ баярлалаа. Биеийн тамир, спортын үндэсний хороо Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульд энэ удаагийн паралимпаар мөнгөн медаль хүртэж буюу иж бүрэн медальтай болж, бас нэгэн том сюрприз барилаа. Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн албан хаагч төгсөгч нартаа баярын мэнд хүргэе. Миний хувьд хичээлээ, чадлаараа үзлээ.
-Таны амжилт олон хүмүүст итгэл найдвар өглөө?
-Хүн өөрөө хөдөлмөрч тууштай байх юм бол хаа хүрч болдгийг энэ биеэрээ үзүүлэх гэж хичээлээ. Хичээгээрэй та бүхэн минь, тууштай байгаарай.
-Парисын наадмыг зорихын өмнө бэртэлтэй байсан гэж дуулсан?
-Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казакстан руу явж физик эмчилгээ хийлгэсэн. Гам барьж байгаад олимподоо орлоо.
-260 кг-аас багыг захиалах боломж байсан уу?
-Өрсөлдөж байгаа учраас 255-аас багыг захиалчихлаа гэж бодоход өрсөлдөгч тамирчин 255-аас ихийг өргөх магадлалтай. Тиймээс өрсөлдөгч тамирчин миний өгсөн захиалгаас дээрдүүлнэ. Тиймээс дасгалжуулагч бид хоёр шууд тулаад үзье гэж шийдсэн.
-Паралимпад манай баг тамирчид амжилттай оролцлоо шүү дээ. Эмэгтэй олимпын аваргатай боллоо?
-Паралимпын наадмаас хамгийн олон медаль авсан нь Парис байлаа. 2008 оны Бээжингийн олимпоос Баатаржав ах минь хамгийн анхны алтан медалийг авч байсан. Ах минь салхийг сайхан хагалсан учраас өнөөдөр үр дүн нь ирж байна. Араас олон дүү нар түрүүлжээ гээд баярлаад байж байгаа байх.
-Монгол Улсын анхны иж бүрэн медальт болж түүх бүтээлээ. Тэр мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Ээжтэйгээ холбогдсон. Аав минь бурхан болсон. Ээждээ маш их баярлалаа гэж хэлье. Нарт орчлонд хүмүүний амьдрал бэлэглэж, өнөөг хүртэлх амжилтын суурийг тавьж өгсөн шүү та минь.