Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах нийтийн биеийн тамирын тэмцээн маргааш буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг өчигдөр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга дэд хурандаа Ч.Мөнхтүшиг удирдан явуулж, оноолт шүүлт, зохион байгуулалт, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, сугалаа дарааллыг нь тодотгов.
Энэ удаа хэд хэдэн онцлогтой явагдахаар товлоод байгаагаас дурдвал “Рагби”-гийн төрөлд эмэгтэй цэргийн алба хаагчдыг багаар оролцуулж, пауэрлифтингийн төрлийг мөн шинээр нэмээд байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн тэмцээнд оролцогч нэгтгэл, анги байгууллагын тоо өндөр, өрсөлдөөн ширүүн байгааг зохион байгуулагчид онцолж байна. БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудаас ч баг тамирчдаа бэлтгэж, төрөл бүртээ бэлтгэснээ мэдүүлгээр ирүүлжээ.
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 39 баг өрсөлдөх бөгөөд тэдний дунд БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, БИЦУГ-ын тамирчид багтсан бол эмэгтэйчүүдийн төрөлд 29 баг оролцохоор мэдүүлжээ. Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд 32, эмэгтэйчүүдийн төрөлд 30 баг өрсөлдөх бол “Рагби 7” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 19 баг оролцоно. Үүний дунд Зэвсэгт хүчний 3 удаагийн аварга, 2024 оны улсын аваргын хүрэл медальт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчдаас эхлээд хүчтэй багууд багтжээ.
Харин энэ жил анх удаа туршилтаар зохион байгуулагдах “Рагби 7” тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 12 баг оролцохоор болсон нь онцлох үзүүлэлт юм. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 120, 337, 029, 189, 011, 186, 013, 119, 124, 338, 065 дугаар ангиудын бүсгүйчүүд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангасан байна. Хөлбөмбөгийн төрөлд ЗХЖШ-аас эхлээд 28 баг оролцохоор мэдүүлсэн ба тэмцээний мэдүүлгээс дүгнэхэд БХЯ, ЗХЖШ-ын оролцоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байгаа ажээ. Тэмцээн маргааш албан ёсоор эхэлнэ.
Ахмад Д.БОЛОР