Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч, ноён Петер Зафиров, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нар оролцлоо.
Сургалтад Өмнөд бүсийн Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь аймгийн алба хаагчид хамрагдаж байна.
Бригадын генерал Б.Ууганбаяр сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийг хангуулахад эцэг эхийн зөвлөл маш чухал үүрэг оролцоотойгоор ажиллана гэдгийг онцлоод, Онцгой байдлын алба хаагчдыг энгийн иргэдтэй харьцуулахад тушаалын дагуу үүрэг гүйцэтгэдэг, аливаа аюул гамшгаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалахад цаг минуттай уралдан ажилладаг учраас ар гэртээ зарцуулах цаг хомс байдаг. Онцгой нөхцөлд ажилладаг алба хаагчдын маань хувьд ар гэртээ бүрэн дүүрэн анхаарал тавьж чадахгүй орхигдуулдаг нь үнэн. Ялангуяа гэр бүлээрээ Онцгой байдлын албанд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлын асуудал давхар олон саад бэрхшээлтэй тулгарч байдаг. Алба хаагчдынхаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор салбар, нэгж бүрт эцэг эхийн зөвлөлийг байгуулан алба хаагчдынхаа хүүхдүүдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалт хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд явагдах бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгөхөөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас зочин багш оролцож байна. Мөн Онцгой байдлын байгууллагын Хүүхэд хамгааллын бодлого, Эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам цаашдын зорилгын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний мэдлэгээр алба хаагчдыг чадавхжуулах юм.