Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн баасан гарагт Парис-2024 Паралимпын наадамд оролцож буй баг тамирчдаас допинг илэрсэн тухай мэдээлсэн. 

Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодруулахад "Үр дүнгийн удирдлагын процесс эхэлсэн тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултыг өгөв. Харин Монголын Паралимпын хороо "Тийм зүйл огт байхгүй. Тамирчид тэмцээн уралдаандаа тайван сайхан амжилттай оролцоод ирлээ" гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар паралимпын наадамд оролцох тамирчдаас 2024 оны долдугаар сард допингийн шинжилгээ авахад нэг тамирчин бүдэрсэн. Түүнийг авч явахыг зарим нь эсэргүүцсэн ч салбарын сайд Ч.Номин авч явах зөвшөөрлийг өгч энэ талаарх мэдээллийг гадагш гаргахыг хориглосон аж. Тухайн тамирчин В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөөгүй байгаа. Өчигдрөөр В сорьцоо шинжлүүлэх хүсэлтийн хугацаа дуусгавар болжээ. Монголын паражүдогийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаагаас энэ талаар тодрууллаа.  

-Паражүдогийн төрөлд оролцох нэг тамирчнаас допингийн төрлийн бодис илэрсэн. Тухайн тамирчныг мэдсээр байж Парис-2024 паралимпын наадамд явуулсан гэдэг мэдээлэл байна. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-Хэрэв допингийн төрлийн бодис илэрсэн бол мэдээлэл нь хувь тамирчинд очдог. Наадах чинь олон улсын гэрээгээрээ хүний эрхийн маш том асуудал байдаг. Тэгэхээр тухайн мэдээлэл зөвхөн тамирчиндаа л очно. 

-Паражүдод оролцох байсан нэг тамирчин бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон. Тэгэхээр тухайн тамирчин байж болох уу?

-Манайд албан ёсоор тийм мэдээлэл ирээгүй. Түүнийг нь бид мэдэх ч боломж байхгүй. Хоёрдугаарт, тухайн тамирчин мөн эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. 

-Тэгэхээр тухайн тамирчин мэдээллээ авчихаад, хариугаа мэдэж байж нуун дарагдуулаад олимпод явсан гэсэн үг үү?

-Яг аль тамирчин гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Манай холбоонд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Мэдээлэл авсан зүйл одоогоор алга. 

Допинг илэрчхээд байхад олимпод авч явсан бол хариуцлага хүлээх хүмүүсийн нэгдүгээрт Ч.Номин сайд орно. Мөн Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаа, Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар бичигдэнэ. 

Иймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн ажлын албанаас энэ талаар тодруулахад “2024 оны ээлжит сонгуулийн дараа Соёлын сайдын статусаас спортыг давхар хариуцах болсон. Спортын салбарыг хариуцаж авахаас өмнө паралимпод оролцох 12 тамирчны нэрс тодорсон байсан. Манайхаас тэр тамирчныг хас, нэм гэдэг чиглэл өгдөггүй” гэлээ.

Тухайн тамирчин нь олимпын тамирчдын хотхоноос хөөгдөж, Элчин сайдын ажилтныд хэсэг хугацаанд байрлажээ. Гадуур гарахад нь хөтөлж явах хүнгүй тул нэлээд хэд хоногийг Элчин сайдын яамны ажилтны гэрт өнгөрүүлсэн гэдгийг ч эх сурвалж нотолж байна. 

Үүнд мэргэжлийн холбоод, сайд, дасгалжуулагчид хариулт өгч, олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй. Бие бие рүүгээ чичлэх, ямар ч албан ёсны бус хариултуудыг өгч, төөрөгдүүлж буй нь юуны учир вэ?

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа