Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Танд татварын ажилтны өдрийн мэндийг хүргэе.
Баярлалаа. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сард Үндэсний татварын ажилтны өдрийг тэмдэглэдэг. Монголын татварын албанд хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн улсын байцаагчид албан хаагчид, ажилтан та бүхэндээ Үндэсний татварын албаны ажилтны баярын өдрийн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Танай албаны 2024 оны ажлын зорилтууд хэрхэн биелж байна, татварын орлогын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа бол?
Оны эхний 8 сарын байдлаар татварын албанаас улс, орон нутгийн төсөвт нийт 11.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 12.2 их наяд төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 107.4 хувьтай байна. Төсвөөр нь задалж авч үзвэл улсын төсвийн гүйцэтгэл 8,845.0 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн гүйцэтгэл 3,306.4 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлсэн байна.
УИХ-д 2025 оны төсөв өргөн баригдсан. Түүнд танай албаны орлогын төлөвлөгөө хэрхэн тусгагдсан бэ?
Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон. Тус нэмэлт өөрчлөлтөөр улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 1,959.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ба татварын албанаас тус орлого бүрэн биелэх боломжтой гэж харж байна. Ирэх оны хувьд Төсвийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуулийн төслөө 09 дүгээр сарын 01-нээс өмнө УИХ-д өргөн барих учиртай, тэр дагуу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн барьсан байгаа. Хуулийн төсөлд татварын албанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөө макро түвшний тоон үзүүлэлттэй уялдан нэмэгдэхээр байгаа. Улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөө 17.2 их наяд гаруй, орон нутгийн төсвийн татварын төлөвлөгөө 6.0 орчим их наяд, нийт 23.2 их наяд төгрөгийн төлөвлөгөөтэй байхаар байна.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдсан бэ?
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заасан байгалийн нөөцийг хамгаалах, нөөц нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийг эрхийг хангах, хамгаалах, соёлын өвийн хамгаалах, сэргээх, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, спортын барилга байгууламж барих зэрэг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн бол тухайн зардлыг ногдуулсан албан татвараас борлуулалтын орлогын 1 хувь хүртэл хөнгөлөхөөр болсон. Үүний дагуу албан татвараас хасаж, хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл хийх, хэлэлцүүлэх зохион байгуулах, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах, тайлангийн маягтыг өөрчлөх, системийг хөгжүүлэлт хийх, заавар зөвлөмж гаргах, сургалт сурталчилгаа хийх чиглэлээр татварын алба ажиллаж байна.
Энэ хуулийн заалтын гол агуулга нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааг татварын бодлогоор бодитой дэмжих асуудал юм. Бизнесийн байгууллага тогтвортой хөгжих боломжийг төр бодлогоор дэмжиж байна гэсэн үг. Бизнесийн байгууллагын тогтвортой хөгжил гэдэг нь эдийн засаг санхүүгийн хувьд чадавхтай байхаас гадна нийгэмдээ эерэг үйл ажиллагаа явуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөгдөх мөн байгалийн нөөцөө зүй зохистой ашиглах, байгаль экологидоо ээлтэй хандах асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгэм, байгаль экологи гэсэн 3 тулгууртай байж тогтвортой хөгжинө. Тэгэхээр энэ хуулийн заалтаар бизнесийн байгууллагад борлуулалтын орлогын 1 хүртэл хувийн зардлын дүнг нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль, экологи, нийгэм, эдийн засагт чиглэсэн тухайн байгууллагын хүссэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бодитойгоор олгох юм.
Монголын татварын албаны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилтуудын биелэлт хэр байгаа вэ? 2025-2028 оны стратеги төлөвлөгөөнд юунд анхаарах вэ?
Татварын алба дөрвөн жил тутамд дунд хугацааны зорилго, зорилтоо тодорхойлж ажилладаг бөгөөд 2021-2024 онуудыг татварын боловсрол, цахим татварын алба, татвар төлөгчийн жил болгон зарлаж үр дүнтэй ажилласан байна. Татвар төлөгчдийн татварын хуулийн мэдлэг, хууль мөрдөлтийн байдалд судалгаа хийж, санал асуулга явуулснаар татвар төлөгчийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, сурталчилгаа явуулан ажиллаж, татвар төлөгчийн татварын боловсролын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон энэ чиглэл рүү түлхүү ажилласнаар татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг нэлээдгүй сайжирч байна. Татвар төлөгч бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлангаа илгээх, татвараа төлөх ажиллагаа бүрийг хялбар болгох ажлын хүрээнд Улсын бүртгэлийн албатай бодит цагийн горимоор мэдээлэл солилцож, татвар төлөгч татварын албанд ирж бүртгүүлэх шаардлагагүй болсон. Татварын алба төрийн болон бусад байгууллагаас цуглуулсан хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн ХХОАТ, НӨАТ, ОАТ, АМНАТ-ын татварын тайлангуудыг бэлтгэн өгдөг болсноор татвар төлөгч тайлангаа шалгаад зөвхөн илгээх үйлдэл хийдэг боллоо. Татвар төлөгч Татварын алба болон банканд очихгүйгээр төлбөрийн бүхий л хэрэгслээр албан татвар, төлбөр, хураамжаа төлдөг болсон. Цахим татварын алба болох зорилтын хүрээнд татварын бүхий л үйл ажиллагааг цахим болгож, төрийн байгууллагууд дундаа ЦАХИМЖИЛТ-аар тэргүүлэх байгууллага болж чадсан. Үүний хүрээнд аймаг тус бүрд тусдаа байсан серверүүд, татварын төрөл тус бүрээр тус тусдаа байсан татварын системүүдийг нэгтгэн ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ-ийг бий болгож, газар зүйн байрлалаас шалтгаалахгүй, нэг л системээс нэгдсэн тоо мэдээллээ харж, үйл ажиллагаандаа ашиглаж чаддаг болсон.
Олон улсын жишигт нийцсэн шинэлэг ямар ажлуудыг хэрэгжүүлж байна?
Татварын алба цахим болохын хэрээр татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах шаардлага үүссэн, үүнийг хамгаалах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001 стандартыг нэвтрүүлж 2024 онд гэрчилгээгээ гардан авлаа. Татварын албаны үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж олон улсын ISO 90001 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсан. Татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээ, бизнес скоринг үнэлгээг хийж, эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй болсон. Мөн жендерийн эрхийн мэдрэмжтэй байгууллагын гэрчилгээг гардан аваад байна.
Татвар төлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чухал санагддаг. Энэ асуудлыг ямар арга замаар зохицуулах боломжтой вэ?
Татвар төлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татвар төлөгч өөрөө эрсдэлээ удирдах боломжийг олгож, эрсдэлийн үнэлгээ, бизнес скоринг үнэлгээг татвар төлөгчид харуулдаг болсноор татвар төлөгч илүү хариуцлагатай болж, татварын хууль тогтоомж сайн дураар даган мөрдөлт сайжирсан амжилттайгаар энэхүү дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилт гүйцэтгэл сайтай гарахаар байна. Цаашид Монголын татварын алба 2025-2028 онуудад илүү нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлийг баримтлан, Татварын албаны бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлсэн байдлаар зохион байгуулж үндэстэн дамнасан корпорацын татварт хамрагдалт, үнэ шилжилт, татварын хуулийн хэрэгжилтийн байдалд анхаарлаа хандуулан, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг харилцан хамааралтай татвар төлөгчид болон групп компанийн хэмжээнд тодорхойлох, тэдгээрийн татварын хуулийг сайн дураар даган мөрдөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэн ажиллана. Мөн чинээлэг иргэдийн татварын хууль мөрдөлтийн байдалд судалгаа дүгнэлт хийж, хууль мөрдөлтийг дэмжих чиглэлийг баримтална. Татварын бүх төрлийн тайланг хялбаршуулж, татварын албанаас бэлтгэн хүргүүлэх, татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдалд хийж буй судалгаа, шинжилгээ, татварын тайлан боловсруулалтын ажиллагаанд хиймэл оюун ухаан, блокчейн технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна. Мөн татвар төлөгчдөд мэдээ мэдээлэл хүргэх, арга зүйгээр хангах, сургалт, сурталчилгаг өргөн хийхэд анхаарч ажиллана. Бизнесийн байгууллагыг бодит үнэ цэнээр үнэлэх, цахим татварын системийг илүү төгөлдөржүүлэх чиглэлд ажиллана.
Татвар төлөгчдийн хувьд татварын хяналт шалгалтын талаар нэлээд шүүмжлэлтэй байдаг. Төрийн хяналтын шалгалт их байгааг багасгах боломж бий юу?
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд татварын албаны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны талаар хуульчилсан. Татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг зөвхөн татварын эрсдэлд үндэслэн шалгахаар зохицуулсан байдаг.
Татварын алба хууль, журмын дагуу батлагдсан шалгуур үзүүлэлтээр татвар төлөгчийн эрсдэлийг үнэлдэг бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагаа эрсдэлтэй татвар төлөгч рүү чиглэж хийгддэг.
Эрсдэл тооцох систем нь цаанаа татвар төлөгчийн талаар татварын албанд цугларсан бүхий л өгөгдөл буюу биг дата мэдээллийг нэгтгэж машин суралцах технологид суурилсан загвар моделиуд ажилладаг.
Өмнөх оны мэдээллийг 2018 онтой харьцуулбал хяналт шалгалтад хамруулсан татвар төлөгчийн тоо 2.7 дахин буурч, 1 татвар төлөгчид ногдох зөрчлийн дүн 16.4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын үр дүнг харуулж байна.