2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотноо А.М.Сибиряковын нэрэмжит хотын түүхийн музейд Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан “Орос-Монгол: мөр зэрэгцэн. Халхын гол” (“Россия-Монголия: плечом к плечу. Халхин-гол”) сэдэвт түүхэн баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээ болов.
Тус үзэсгэлэнг Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын шийдвэрийн дагуу Оросын Цэргийн төв архив (РГВА), Оросын Кино, гэрэл зургийн төв архив (РГАКФД), Эрхүү мужийн улсын архив (ГАИО), Бүгд Найрамдах Буриад Улсын төв архив, мөн Монгол Улсын Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архивуудын оролцоотой хамтран бэлтгэж гаргасан байна.
Үзэсгэлэнд 100 гаруй үнэт баримт, гэрэл зураг тавьснаас нэлээд нь анх удаа нууцын зэрэглэлээс ил болсон байна.
Үзэсгэлэн нь хэд хэдэн хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэг нь Халх голын байлдааны урьдчилсан нөхцөл ба зэвсэгт мөргөлдөөний эхлэл - японы цэргийнхний Монгол Улсын хил дээр үйлдсэн өдөөн хатгалга; дараагийн хэсэг нь - Халхын голын гол үйл явдал болох Баянцагааны тулалдаан, маршал Георгий Жуковын удирдах авьяасыг илрүүлсэн Улаан армийн түүхэн дэх танкны анхны томоохон тулаан; төгсгөлийн хэсэгт 1939 оны хавар, зуны байлдааны үйл ажиллагаанд оролцож байсан ахмад дайчдын дурдгатал дурсамж, Халх голд төрсөн БНМАУ-ын баатруудын гэрэл зургууд зэрэг түүхэн хадгалагдаж үлдсэн баримт, биет үзмэрүүдээс дэлгэж тавьсан байна.
Үзэсгэлэнг Эрхүү мужийн Улсын архивын захирал С.М.Жабинский нээж “Жинхэнэ түүхийн баримт бичигтэй танилцах нь түүхийг хуурамчаар үйлдэх оролдлогоос сэргийлж, түүхийн боловсролоо дээшлүүлэх бидний баатарлаг дурсамжаа хадгалахад тусалдаг” хэмээн онцлон хэллээ.
Дараа нь тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчдыг төлөөлж Эрхүү мужийн архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, Монголын архивын төлөөлөгчдийн тэргүүн, АЕГ-ын мэргэжилтэн П.Баянбилэг нар үг хэллээ.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд ОХУ-ын Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга, Зөвлөлт-Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Эрхүү мужийн тэргүүн К.Р.Алдаров зэрэг тус хотын төр, засгийн төлөөллүүд, ахмад дайчид зэрэг бусад хүндэт зочдоос гадна Бүх Оросын Архив зүй, баримт бичиг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Эрхүү хотноо зохион байгуулагдаж буй архивын мэргэжлийн сургалтад оролцохоор ирсэн Монгол Улсын төрийн байгууллага, архивын төлөөлөгчид оролцжээ.
Үзэсгэлэн нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс олон нийтэд үзэхэд чөлөөтэй, нээлттэй болсон бөгөөд 1 сарын хугацаанд гарах юм байна.