Филиппиний Манила хотод “Бичил глобус” санхүүгийн группийн Ерөнхий захирал Самдангийн ОТГОНБАТЫН үүсгэн байгуулсан “Чико” компани мэдээллийн технологийн шийдлээр зээл олгож буй талаар Аялагч Г.Ганхүү танилцуулсан.
Түүний танилцуулнаар 20 сая хүнтэй Манила хотын том худалдааны төв, хөдөлгөөн ихтэй газруудад монгол инженерүүдийн бүтээсэн программ хангамжтай 10 терминалаар 112 мянган филиппин зээл аваад байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл Монгол инженерүүдийн бүтээсэн уг ухаалаг систем нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд ердөө 2 минутад багтан шуурхай зээл авах боломжтой бөгөөд нийт 112 мянган филиппин шуурхай зээл авчээ. Мөн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж гар утасны зээлийн аппликейшн хөгжүүлж байгаа гэнэ.
Тус компанийн үүсгэн байгуулагч Самдангийн ОТГОНБАТ 2017 онд Америкт бичил зээл олгодог компани байгуулж, Монголын санхүү, мэдээллийн технологийн салбарт шинэ зам нээж байсан хүн юм. Чико компанийн Филиппин дэх төслийн амжилт Өмнөд Азийн 260 гаруй сая хүнтэй Индонез зэрэг дараагийн том зах зээлд нэвтрэх түлхүүр юм.
Самдангийн ОТГОНБАТ нь нүцгэн уулын энгэрт шинэ ой бүтээсэн, хотод дугуйн шинэ 9 зогсоол байгуулсан зэрэг сайн үйлсийн санаачлагч. Монголчууд түүхий эд хямдхан гаргасаар ирсэн түүхийг өөрчлөх боломжтойг “Чико” компанийн финтек технологи ашиглан нээсэн зам харуулж байна.
Ташрамд дуулгахад “Чико” гэдэг алдартай ховор жимсээр нэрлэсэн монгол компани Филиппиний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамгийн том шагналыг хүртсэн. Шинэ технологи нэвтрүүлсэн, хэрэглэгчдэд ээлтэй, нутгийн иргэдэд өндөр цалин хөлс олгодог, татвар хураамжаа найдвартай төлдөг зэрэг олон үзүүлэлтийг нь үнэлж энэ шагналыг олгодог юм байна.