“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Нийслэлийн Замын хөгжлийн газраас дөрвөн байршилд авто замын ажил хийж байгаа. Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд Паркийн баруун уулзвараас Урбанекийн уулзвар хүртэл 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдөр хааж, хучилтын ажил хийнэ. Энэ сарын 22-ны өдөр нь хойд хэсгийг хэсэгчилж хааж, хөдөлгөөнийг сэлгэж хэвийн явуулна. Наадамчдын замд 550 метр газарт засвар шинэчлэлийн ажлыг саадгүй хийнэ. Нисэхийн Аюулгүйн тойргоос урагш Архивын ерөнхий газар хүртэл 1.7 км авто замыг хэсэгчилж хааж замын ажил хийнэ. ТБД андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21-23-нд хэсэгчлэн хааж засвар шинэчлэлийн ажлыг хийнэ” гэв.