Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан боллоо. 

Хуралдаанаар пестицидийн асуудал, түүний хэрэглээ, хяналт шалгалт зэргийг хэрхэн шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх талаар эрдэмтэд, судлаачдын байр суурь, дүгнэлтийг тодрууллаа.

Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаж байгаа болон экологийн цэвэр бүтээгдэхүүн эсэхийг шинжилгээ судалгааны үр дүнгээр нотлох, энэ талаарх судалгаанд төр, засаг, холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарах, мэргэжилтэн бэлтгэж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгааг эрдэмтэд, судлаачид хэлж байлаа. 

Мөн пестицидийн эрсдэлийн талаар газар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, ном сурах бичгээр хангах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар оролцож санал, бодлоо илэрхийллээ. Энэ удаагийн хуралдааныг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр удирдаж явууллаа.

Таны сурталчилгаа