Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ.
Төсөл 2024 оны есдүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9-ний хооронд хэрэгжих юм.
БНЭУ-аас ирсэн мэргэжилтнүүд Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллан, өдөрт 15 хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөөр төлөвлөжээ.
Жайпур фут нь олон улсад хэрэгждэг хүмүүнлэгийн төсөл юм. Энэхүү төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна.
Жайпур фут төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта нээлтийн үеэр "Хиймэл хөл, гар хийх технологи нь байнга шинэчлэгдэж байдаг. Тиймээс энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн" гэлээ.
Монгол Улсад 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй.
Салбар яамнаас боловсруулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуульд туслах технологи, хиймэл эрхтний асуудлыг тодорхой тусгаж өгсөн.
Хиймэл гар, хөлийг дунджаар 3-4 жилийн хугацаанд солих хэрэгтэй болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийн талаар ярьж байсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэгдүүлэх, протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар ГБХНХЯ, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвөөс нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг энд ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.