Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов.
Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна. Тиймээс энэхүү сэргэлтийг цаашид буюу дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2025 оны Үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна. Илүү тодорхой хэлбэл, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар тусгаад байна. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтлах, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох мөн олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв банкны бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах зэрэг зорилтуудыг тусгаад байна.
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид, эдийн засагчдын дунд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм.