Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх” зорилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг Баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцов.
“Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь өнөөдөр олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй, өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй системийг бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тэдний зүгээс яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Дараагийн компани бол ICT групп. Тус групп нь 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байна. 2011 онд байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл нийт 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүрч чаджээ. Тэдний зүгээс салбарын хүний нөөц болон экспортын бүтээгдэхүүнийг гаргах асуудлыг салбарын сайддаа уламжиллаа. Тэд монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлийн суурь систем болон бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.
Харин Metacog компани нь хүний нөөцийн цогц систем хөгжүүлж байна. Тус системийг Монгол Улсын топ 50 компани ашиглаж байгаа талаараа захирал Б.Хүрэлбаатар хэллээ. Платформыхоо англи хувилбарыг гаргасан бөгөөд АНУ-ын зах зээл гаргах талаар салбарын сайдад уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.
Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани бол дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд таван жилийн хугацаанд 150 гаруй тоглоом үйлдвэрлэснээс дөрөв нь олон улсад гарч чаджээ. Тус компани нь орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд Монголын хамгийн том юникорн компани болох зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг захирал Б.Төрболд нь онцоллоо. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл өндөр тул хууль эрхзүйн орчин дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг салбарын сайдаасаа хүслээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгдөг төрийн захиргааны байгууллага. Манай яамны зүгээс “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг өнгөрсөн зургаадугаар сард УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.
Ч.Энхцэцэг.
2024-09-28
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь урд нь ямар үйл ажиллагаа явуулж ямар үр дүнд хүрсэнийг мэддэггүй байсан. Одоо ил тод ,тодорхой мэдээлж байгаад иргэд бид мэдээлэл авч , талархаж байна.