Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа ч монголчуудын аж амьдралд уламжлалт нүүдлийн мал аж ахуй чухал ач холбогдолтой хэвээр байж, үүнтэй холбоотойгоор хүн ард байгалиа дээдэлж, байгаль орчиндоо ойрхон аж төрдөг болохыг онцлоод бичил биетний тэсвэржилт монгол хүний эрүүл мэнд, амь амьжиргаа, амьдралын хэв маягт багагүй аюул занал учруулах эрсдэлтэй байна гэлээ. Монгол Улсын Засгийн газраас хүн, малын эрүүл мэнд болон хөдөө аж ахуй, мал амьтны салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах зэрэг бүхий л түвшинд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч бичил биетний тэсвэржилтийн үүсэл, тархалтад хүн, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбараас гадна хүрээлэн буй орчин ихээхэн нөлөөлж байгаа ба нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй байдалд онцгой өртөмтгий байдаг Монгол Улсын хувьд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд хүн, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хоорондын нягт хамтын ажиллагаа, уялдаа, зохицуулалтыг улам сайжруулах шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өндөр түвшний уулзалтад хэлсэн үгийнхээ төгсгөлд "Нэг эрүүл мэнд" үзэл баримтлалын хүрээнд улс орнууд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээрх улс төрийн амлалтуудаа бодит ажил болгон хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод, уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны огтлолцол дахь бичил биетний тэсвэржилтийн асуудлыг шийдвэрлэхэд судалгаа, шинжилгээ, технологийн шинэлэг шийдлүүдэд зориулж хангалттай хэмжээний санхүү, нөөцийг хуваарилах, шинэ, үр дүнтэй нянгийн эсрэг эрүүл мэндийн технологийн хүртээмжийн тэгш бус байдлыг арилгах, ялангуяа халдварт өвчин, тэр дундаа бичил биетний тэсвэржилттэй тэмцэх шинэ технологийг бүх улс оронд тэгш хүртээмжтэй болгох, улс орнуудын хоорондын ялгаатай байдлыг арилгахын тулд дэлхийн хамтын ажиллагаанд шинэ хандлага бий болгох шаардлагатай байна гэв.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, бичил биетний тэсвэржилт зэрэг олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулан хөгжүүлэх нь туйлын чухал ач холбогдолтой ба эдгээр чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлт бүр хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй, тогтвортой ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.