Цаг үеийн мэдээ

Уясан морь, унасан машиндаа ухаан соёл нь багадсан, уурын мунхагтаа баригдсан ах эгч, аниа агаа нар амьтны алаг үрсийг алгадаж зодсон олны шившиг болсон олиггүй явдлууд гарлаа. Мориныхоо толгой түрүүд гар хүрдэггүй монголын ёс бий. Манлай уяач Т.Галбадрах гэх хүн  морины толгой бүү хэл мопед унаж явсан залуугийн тархийг хавагнатал нь цохиж унагаад, хууль шүүхээр яваарай гэж тавлаж пээдийж сууна. Хойдын буяны будаалгаас тарж явсан залууг аав ээж, ах дүүгийнх нь нүдэн дээр хаалт тойрч гарсных нь төлөө цохиж унагасан жигшүүр төрөм үйлдлээр стрессээ тайлсан гэж жишим ч үгүй хэлсэн байна. Үндэсний бөхийн холбоо өрсөлдөгчөө нидэрсэн, өвдөглөсөн тохойсдон, өөрөөсөө жижигхэн амны хүүхдээ өндөрт өргөж хаясан бөхийн барилдах эрхийг хасдаг. Тэгвэл Уяачдын холбоо үндэсний өв соёлоо хамгаалж, мопедтой залуугийн тархийг хавдтал цохиод, ах дүүг нь тавлаж суугаа Т.Галбадрахын зөрчлийг аньж өршөөгөөд өнгөрүүлэх үү?

Ууртай ах уур стрессээ тайлсны араас уучлалаа хүчээр тулгадаг утгагүй эгч төрлөө. Улсын дугаар нь содон, өндөр үнэтэй Лексус 600-гаасаа ухасхийн гарч ирж, уучлалаа заавал тулган хүлээлгэх гэж хүүхэд алгадаж дөвчигнөлөө. Уучлал авахгүй бол алганы амт ав гэж өвчигнөлөө. Өрөөсөн нүд нь өвдсөн юм бол явган зорчигч харахгүй байж, гарцанд зээр зогсоод, уучлал хүлээж авсангүй гэж урж тастаад явах юм уу? Хүүхэд, залуучууд Та нарын цохиж, алгадан стрессээ тайлдаг нүдүүр зодуурын бай, нүдэнд орсон хялгас биш. Морь уядаг, Лексус хөлөглөдөг толгойгүй түрийвчтэй, сэтгэлгүй мөнгөтэй хүмүүст Зөрчлийн хуулийн 100 мянга зүгээр цаас. Хог бохирдлоо ус далай өөрөө  цэвэрлэж ариутгадаг шиг сошл даяар хэлэлцэж, солиорол элийрлийг жигших нь эв эрүүл зүй тогтол. Танихгүй ах, эгчид цохиулж зодуулах нь бүү хэл аавдаа алгадуулах ч өвдөж таашаал авдаг, хүчирхүүлүүлж тайвширдаг садист мазохист, садомазохист хоцрогдсон бурангуй ёс.

Таны сурталчилгаа