Цаг үеийн мэдээ

Зөгий.мн сайтын “зөөж хураасан” 5 жилийн ой тохиож байна. “Honeybees”-ээс бал нэрж эхэлсэн хамт олон “Хонх”-оор дүлий төрийн зүрх, тархинд хонх цохих хүртэлх зорилго энэ хүрэхэд их замыг туулжээ. Сэтгэлээ уудлах “Баярлалаа” нэвтрүүлгээр хэлж чадахгүй үгсээ хайртай хүмүүстээ дамжуулж, хийсэн бүхэнд нь талархах итгэлийг нь бас дамжуулсаар ирсэн. “Нэг өдөр” нэвтрүүлгээс эхэлж байсан бид 1826 хоногийг туулан энэ хүрчээ. “Өөрөөс эхлэх амьдрал”-аа өөдлөн дэвшсээр “Хөрөг” хүртэл нь тэд дэвжжээ. “Оn&On podcast”-аар уулзаж байсан бид “Эерэг сурвалжилга”-аа бэлтгэн энд ирлээ. 

“Шок”-оор “Шог”-лож урласан Зөгий.мн 5 нас хүрлээ. Редакц болтлоо өсөн дэвжиж, бэлтгэдэг нэвтрүүлэг шигээ “Эерэг” хамт олон болжээ. Ингээд хамт олноо танилцуулъя. 

Зөгий.мн-ий брэнд бол “Шок, шог мэдээ”. Түүнийг бэлтгэн нийтэлдэг сэтгүүлч Б.Ууганбаяр. Манай Ууганаа арай л камераа үүрээд өөрийгөө бичихгүй. Бусдыг бүгдийг нь өөрөө хийнэ. Үгээ бичнэ, өөрийн болгоно. Дүрсээ эвлүүлнэ, нэвтрүүлгээ хийнэ. Тэр тийм л чадварлаг, ажилсаг, хичээнгүй хүн. “Зөгий.мн-д орсон” гэхэд “Танай тэр шав шув хийсэн хүүхэн ярьдаг шигээ хэрүүлч үү?” гэж олон хүн надаас асуусан юм даг. Ууганаа тэгж харагддаг л байх. Гэхдээ тийм хүн биш. Түүнээс сурах юм их бий. Байнга л ярилцлага, сурвалжилгадаа явж, эвлүүлэг шторкоо хийгээд түүнд зав бага л даа. 

Манай зураглаач Б.Дашнамжил. Түүний түүх бол Зөгий.мн-ий түүх. Анх байгуулагдахад л зураглаачаар орсон сайтын маань “Домог” шүү дээ. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ бүгдийг нь шахуу түүнээс асууна. Энийг ингэнэ, тэрийг тэгнэ, урьд нь ийм байсан гээд л үүх түүх үүсэл гаралтай нь ярина. Түүнгүй зүйл Зөгийд ховор. Сайн зөвлөгч бас багш. Манай сайтын тулгын чулууны нэг дээ. 

Танай сайтын арын босс хэн бэ? гэх хүн олон таарна аа. Ард, урд ч гэж юу байх вэ. Манай даргыг Ш.Оюунбаатар гэдэг юм аа л гэж хариулдаг. Шинээр нэгдсэн хүмүүсээ зангидаж хамт олон болоход гол үүрэгтэй хүн. Биднийг эерэг уур амьсгалтай хамт олон болгож нэгтгэж чадсан зохион байгуулалт сайтай, удирдан манлайлах чадвартай “Толгойлогч” маань. Энэ хүн л биднийг нэгтгэсэн юм шүү дээ. 

Сайтын маань продюсер Г.Удвал. Хамт олондоо ээж шиг, эгч шиг халамжтай. Өлсөж, цангаад өдөржин яваад ороод ирэхэд өөдөөс хоол цайгаа аягалаад л угтана. Өвдлөө, зовлоо гэхэд хойноос яаж байна, эмчид үзүүлсэн үү, эм авч уугаарай гээд л байнга санаа тавина. Ажлын байран дээрээ харин сайн чиглүүлэгч. Ийм ярилцлага, энэ нэвтрүүлэг энд ирээд гацчихлаа яах вэ? гэхэд ингэвэл зүгээр үү, тэгвэл яах вэ гээд л гарц гаргалгааг нь олоод л хэлээд өгнө. 

Хамгийн бяцхан нь сэтгүүлч Т.Хулан. Жаахан гэлтгүй тэр их хэрсүү. Хэлсэн зүйлээ заавал хийнэ. Хий гэсэн үүрэг даалгаврыг заавал биелүүлнэ. Ямар ч үед ингэвэл яах вэ гээд зөвлөгөө тусламж авч чаддаг, эргүүлээд ингэвэл яах вэ гээд зөвлөөд өгдөг итгэлт хүн. 

Видеоны “мангас” Г.Сүрэн. Зураг авалтынхаа донжийг тааруулж, план тавихдаа уран хүн дээ. Маш нягт нямбай. Түүн шигээ тайван хүн. Хаана камераа байрлуулах аль өнцгөөс авах, юу хийхээ тэр сайн мэднэ. Нэвтрүүлгийн өнгө төрхийг тэр л “урлана” шүү дээ. 

Ганц эрэгтэй сэтгүүлч Б.Амартүвшин. Түүнд олон авьяас бий. Камер бариад явбал зураглаачаа хийчихнэ. Микрофон бариад явбал сэтгүүлчээ хийчихнэ. Эвлүүлэг, найруулгаа өөрөө хийгээд өнөөх “Тусгай сурвалжилга”-аа ганцаараа хийчхэж мэдэх л хүн. Бас дээр нь уран үгийн шаглааг хэлхэж, бичиж чадах авьяас ч бий. Ийм нэг “төгс” хамтрагч манай хамт олон дунд байна.  

Манай сайтын “алаг нүдэн” залуу Ч.Бат-Өлзий. Зураглаач, эвлүүлэгч, жолооч гээд л арын албаны бүх ажилд бат зогсоно. Бидний хэд дуу шуутай инээж хөхрөөд сууж байвал тэнд Өлзий байж л байна гэсэн үг. Тийм л хөгжилтэй хүн дээ. 

Дуу муутай ч ажил ихтэй эвлүүлэгч Д.Өнөрбаяр. Өдөржин явж оройхон бүгд цуглаад авчирсан дүрсээрээ Өнөрөөг дарчихна. Булангийн өрөөнд чимээгүйхэн суугаад, байгаа үгүй нь мэдэхгүй ч нэг мэдэхэд хийгээд явуулчихсан л байдаг. Дуугүй зангаасаа болоод ганцаараа түгжигдэж, wi fi-аа таслуулдаг тийм “чимээгүй” хүн дээ. 

Маркетинг “базагч” Д.Тамирцэцэг. Тэр манайд нэгдээд удаагүй ч редакц маань өнгөлөг мөнгөлөг болоод байгаа нь түүнтэй холбоотой. Өдөржин утас цохиж, уулзалтаар явж олон ч амттан шимттэн авчирна шүү дээ. Хэрэгтэй зүйл гарвал түүнд хэлмээр, хэлэнгүүт олоод өгөх чадвартай хүн дээ. 

За тэгээд өчигдөрхөн манай хамт олон нэг шинэ хүнээр бүл нэмсэн. Гадаад мэдээний орчуулагч Ц.Алтанчимэг. Түүнтэй дотносож байгаад дараа жилийн ойгоороо дэлгэрэнгүй танилцуулна аа.

Ийм хамт олон нэгдээд 6 дахь жилийн шинэ түүхээ эхлүүлэхээр шинэ хуудсаа нээж байна. Бидний бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, ярилцлага, нэвтрүүлгийг таалан хүлээн авдаг сайтынхаа уншигч, үзэгч та бүхэнд хамт олноо танилцуулахад ийм байна. Ингээд та бүгддээ 5 жил хамт байсанд баярлалаа. Зөгий.мн сайтынхаа хамт олонд 5 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 

Зөвд бал мэт

Бурууд хатгуур мэт шинэ түүхийг хамтдаа бүтээхээр олон жил хамтдаа зүтгэнэ ээ.   

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа