Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан олон намын төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганы нээлтээ өнөөдөр хийлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы нэгдсэн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой” хэмээн онцлов. Тэрбээр, намрын чуулганаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгон, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн юм. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаандаа “ХҮН ТӨВТЭИ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОИЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн, УИХ-ын гишүүд хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Тиймээс цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулна. Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой гэдгийг УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр тодотгоод байна.