Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу намрын ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдаас гадна зарим нэгтгэл, ангийн офицер, ахлагч нар нэмэлтээр оролцож байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 186 дугаар ангийн 20-30 хүртэлх бүрэлдэхүүнтэй багууд Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутагт хүнсний ногоо хураах ажлыг гүйцэтгэж байна. 

Үүнтэй холбогдуулан тус тус бүрэлдэхүүнийг ахлан ажиллаж байгаа офицеруудтай холбогдож, ургац хураалтын талаар тодруулсан бөгөөд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Э.Ууганбаяр “Манай химичин дайчид Төв аймгийн Борнуур суманд “Хар гүн” компанийн тариалангийн талбайд 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Таван офицер, 14 ахлагч, нэг цэргийн гэрээт алба хаагчтайгаар. Гарч ирснээсээ хойш төмс хураасан, өнөөдөр байцаа руу орж байна. Ирэх 10 дугаар сарын 5-ны өдөр бууна. Даарч хөрсөн, ядарч цангасан зүйлгүй. Яг одоо бид нар тариалангийн талбайдаа ажиллаж байна, энд бага зэрэг цас орж байна” гэв. 

Сэлэнгэ аймгийн Орхон суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн томилгоот бүлгийн талаар хошууч Р.Ариунболд “Урьд шөнө цас ороод хоносон учир бага зэрэг хүйтэн байна. Гэхдээ ойрноос эргээд дулаарах мэдээ дуулдсан. Манай ангиас 1 офицер, 14 ахлагч ажиллаж байна, мөн л 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 10 дахь өдрөө ажиллаж байна. Бид энэ хугацаанд 8 га талбайн төмсийг хурааж дуусгаад луувангийн талбай руу орсон. Хоол, байр цөм газар тариалан эрхлэгч “Өнгөт” гэдэг компаниасаа. Өдрийн гурван удаагийн халуун хоолтой, дулаан вагончикт байрласан байгаа” гэсэн бол Төв аймгийн Жаргалант суманд томилолттой ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бүлгийн талаар тус ангийн хөдөлмөрийн аюулгүй байдлын офицер хошууч Э.Бат-Эрдэнэ ийн ярилаа. 

“Манай бүлэг өчигдөрхөн гарч ирлээ. Таван офицер, 15 ахлагч, нэг ажилтан албан хаагчтай. Тариалангийн талбайд ирэхэд эргэн тойронд манай цэргийн алба хаагчид дүүрэн байна. Намрын ургац хураалт цэргийнхний нуруун дээр яваа нь хаашаа ч харсан илхэн харагдана лээ. Энэ жил хүнсний ногоо ч сайн ургаж, тариалан эрхлэгчдийн нар нь гарч байх шиг. Бид хүлээсэн үүргээ мадаггүй биелүүлээд харина даа” гэсэн мэдээллийг өглөө. 

                                                                      Ахмад Д.БОЛОР

Таны сурталчилгаа