Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв.
Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв.
Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв.
Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар боловсрол, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров.
Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.
Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.
Ерөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв.
Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.