“Олон улсын хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний статистикийн X хурал” БНСУ-ын Сөүл хотод есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилж байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон КОSТАТ хамтран зохион байгуулж буй тус хуралд Монгол Улсыг төлөөлж Үндэсний Статистикийн Хорооны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Б.Мөнхзориг нар оролцож байгаа юм.
Хурлын үеэр олон улсын хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний статистик үзүүлэлт тооцох арга зүйн шинэчлэл, хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний статистик тооцоход тулгарч буй хүндрэл, сорилтын талаар голчлон хэлэлцэж, улс орнууд харилцан туршлага хуваалцаж байна.
Үндэсний Статистикийн Хорооны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаад улсад зорчсон иргэдийн талаарх статистик мэдээлэл, хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний статистикийн мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн чанарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл танилцууллаа.