Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй.
Тус хорооллын барилга угсралтын ажлын талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “НИТХ-аар Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран төслийг хэрэгжүүлж байгаа” гэдгийг хэллээ.
Харин “Ногоон орон сууц” төслийн инженер П.Наранбаатар “Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга нь орох хаалганаасаа эхлээд нэг давхар тэр чигээрээ тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй зохион байгуулалтаар хийгдсэн. Өөрөөр хэлбэл, өргөн хаалгатай, угаалгын өрөөнд тэргэнцэртэй иргэн бүтэн эргэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн барилгын зураг төслийг олон улсын үнэлгээний стандартад нийцүүлж боловсруулж, уг зураг төслөөрөө барилга баригдаж байгаа. Энэхүү ногоон орон сууцны өөр нэг онцлог нь ашиглалтын зардал 25 хувиар багассан. Орон сууцныхаа урд хүлэмжтэй. Иймээс оршин суугчид өөрсдийн хэрэглээний ногоог хүлэмжид тарих бололцоотой. Түүнчлэн үйлчилгээний төвүүдийг бий болгож байгаа учир хороолол дундаа иргэд ойр зуурын үйлчилгээгээ авах боломжтой болно” хэмээсэн юм.