С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж мэдээлэл өглөө. Тэрээр УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан талаараа ярив. О.Номинчимэг:
-Ажлын хэсгийн зорилго тодорхой. С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан олон хүнийг шалгаж, зарим хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал нотлогдсон. Эдгээр хүмүүсийн хор, хохирлыг барагдуулах тал дээр яагаад гацчихав аа. Энэ оны наймдугаар сард ээлжит бус чуулганы үеэр Хүний эрхийн дэд хороо хуралдсан. Хаалттай хуралдааны үеэр олон асуудал яригдсан.
Эрүүдэн шүүлттэй холбоотой ХЭҮК-оос мэдээлэл, тайланг ирүүлээч ээ гээд Хүний эрхийн дэд хороонд ирүүлсний дотор онцгойлон анхаарах ёстой хэргийн нэг нь С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж шалгагдан эрүүдэн шүүгдсэн хүмүүс. Эдгээр хүмүүс одоог хүртэл хор хохирлоо барагдуулах боломжгүй ийм байдалтай байна. Хүний эрхийн комисст хандаж, гомдол гаргаад ХЭҮК ажиллаж байгаа боловч, тодорхой нэг нөхцөл, ойлгомжгүй байдлаас, хууль эрх зүйн орчноос болоод энэ асуудал явахгүй байна гэдэг тайланг ХЭҮК-ээс өгсөн байгаа. Засгийн газраас тухайн материалуудыг нууцаас гаргах шийдвэр гарчхаад байхад холбогдох байгууллагууд нууцаас гаргалгүй тухайн иргэдэд танилцах боломжийг нь олгохгүй байгаа нь шүүхийн процесст, хор хохирлыг барагдуулах асуудалд чирэгдэл учруулж байна гэдэг асуудлыг ХЭҮК-ээс тавьж байгаа.
Ажлын хэсгийн гол зорилго бол эрх нь зөрчигдсөн иргэд яагаад энэ процессоороо явахад нь саад учраад байна, үүнд нь бид санал дүгнэлт гаргая. Үүнээс үүдээд олон улсын парламентын холбоондоо хэргийн явцыг тайлбарлана. Олон улсын парламентын холбоо энэ асуудалд ач холбогдол өгч ажилладаг. Та бүхэн санаж байгаа бол 2016-2020 онд тусгай төлөөлөгч явуулж, бүр хэрэг байдалтай танилцан зөвлөмж хүргүүлж ажилласан.