Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоёрдугаар Эрчим хүчний яриа хэлэлцээг 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Яриа хэлэлцээг нээж монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар нар үг хэлэв. Америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн газрын Эрчим хүчний дипломат ажиллагаа хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Кимберли Д.Харрингтон тэргүүлж оролцов.
Яриа хэлэлцээ дэлхий дахинд идэвхтэй яригдаж буй цэвэр эрчим хүчний шилжилт, нэн чухал эрдэс баялаг, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд өрнөв. Яриа хэлэлцээнд монголын талаас ГХЯ, ЭХЯ, АҮЭБЯ, Үндэсний геологийн алба, Монгол Улсын Эрчим хүчний засаглал хөтөлбөр, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл, Монголын чухал ашигт малтмалын холбоо, Монголын зэс корпорац, америкийн талаас Төрийн департамент, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол), “UPC Renewables” зэрэг төр, хувийн хэвшлийн 40 орчим төлөөлөгч оролцов.
Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монголын эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд америкийн талаас дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Мөн Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тогтвортой, үр ашигтай, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, нар, салхи, усны нөөц болон цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологийг зохистой ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Талууд Эрчим хүчний ээлжит яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд АНУ-д, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад тус тус хийсэн айлчлалын үеэр тохиролцсон юм.