Цаг үеийн мэдээ

Мягмар гаригт буюу 10-р сарын 01-нд Бангкок хотын захад явж байсан сургуулийн автобусанд гал гарч, сурагч, багш нар нийлээд 20 гаруй хүн амиа алдсан хэмээн албаныхан болон аврах ангийнхан мэдэгдсэн. 

Автобусанд 45 хүн сууж явснаас, зургаан багш, 39 сурагчид байсан бөгөөд Ютай Тайни аймгаас гараад Тайландын нийслэлийн хойд захын Падум Тайни аймагт явж байхад нь гал гарсан аж. 

Галын дуудлага үд дунд ирж, нэг цаг орчмын дотор галыг унтраасан боловч, аврагчдын хэлж буйгаар, газын түлштэй автобусан доторх халалтаас үүдэн илүү олон дэлбэрэлтүүд болох магадлалтай байсан тул хэдэн цагийн турш автобусан дотор орж чадаагүй гэв. 

Цагдаа нар амиа алдагсдын хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байгаа ч, гурван багш 20 сурагч тогтоогдоогүй хэвээр байна. Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Анхны мөрдлөгөөр, дугуй дэлбэрэн оч гаргаж, гал гарсан нь автобусаар тархсан байх магадлалтай ч нарийвчлан тогтоогоогүй байна. 

16 сурагч бага зэргийн гэмтэл авсан бөгөөд эмчлүүлээд гэртээ харьсан бол гурван сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дунд долоо орчим насны нэг охин нүүр, ам, хоёр нүд нь түлэгдсэн байдалтай байгаа бөгөөд эмч нар охиныг хараагаа алдахаас аврахын тулд чадах бүхнээ хийж байна. 

Аймгуудын хооронд урт замыг туулдаг сурагчдын хувьд зам тээврийн осолд өртөх, нас барах магадлалын хувь өндөр байдаг ба уг ослоос үүдэн тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр шүүмжлэл үүсээд байгаа юм. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцооллоор Тайландад жил бүр 20,000 хүн зам тээврийн ослоор нас барж, хэдэн сая хүн гэмтэж бэртдэг аж. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа