Цаг үеийн мэдээ

Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Өнөөдөр Иргэний Зориг Ногоон Намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын чуулган дөнгөж эхлэхэд гаргасан санаачилгаа бүрэн эхээр нь уншиж танилцуулав. Тэрхүү харамсалтай хэргийг илрүүлэх болов уу гэж 26 жил хүлээжээ. 26 жил хүлээсэн хүлээлтийг талаар болохгүйн тулд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээж авчээ. Тус санаачилгадаа УИХ-ын гишүүн Б.Батбаатар “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэг одоог хүртэл 26 жилийн хугацаанд илрээгүй байна. Энэхүү хэрэг илрээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх”, “шударга ёсны зарчим” ноцтойгоор зөрчигдөж байгаа төдийгүй иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулж, нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бууруулж, Монгол Улсын сонгож авсан зам болох Ардчилсан Парламентын засаглалтай байх Үндсэн хуулийн үзэл санаа ганхах нөхцөлд хүргэж байна. Иймд Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл удааширсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилгоор Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах санал үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Ийнхүү Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амиа алдсан хэргийн жинхэнэ эзнийг олох ажил нэг алхмаар урагшилж тус хэргийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.

Таны сурталчилгаа