Шок шог мэдээ Говь-Алтайгаас цуврал сурвалжилга бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. Аймгийн засаг дарга Г.Чинбат өрөөнд нь зөвшөөрөлгүй орсон гэх этгээд сонин үндэслэлээр аймгийнхаа цагдаад өргөдөл гомдол гаргасан тул мэдүүлэг өгч, үнэнийг өгүүлэхээр ирлээ. Туслахаар нь дамжуулж хэлээд, үүдэнд нь хүлээж байгаад зөвшөөрөхөөр нь хаалгыг нь татаад, босгыг нь алхаад явж орсноо мэдүүлнэ. Бид ч бас баримт фактуудаа АТГ-т өгсөн тул засаг дарга Г.Чинбат зөв буруугаа шалгуулахаар зөрөөд Улаанбаатар руу явах хэрэгтэй боллоо.
Өөрийнх нь эхнэрийн “Аксу Алтай” компани өөрийнх нь тойрог Бугат суманд спорт заал, соёлын төв барих тендер авч, өртөг төсөв нь өссөн ч үүдээ нээж ашиглалтанд оролгүй яагаад 5 жил болж байгааг өөрөөс нь асуусан. Өөдөөс “Үгүй” гэж тас мэлзсэн тул өрөөлийн биш өөрийнх нь эхнэр өөрийнх нь даргалж байгаа аймагт өөрсдөө 6 тендер авсныг нь өөрт нь баримтаар нотолж өгсөнд дарга өөрөө ууртай, даанч их гомдсон юм байна.
Алтайд ер нь юу болоод байна вэ? Айлаар яваад давтлага өгөөгүй мөртлөө ардын багш, ардын хүүхдийн амжилтаар аймаг, сумдын дарга, захирлууд нь өөрсдийгөө 7 хүртэлх сая төгрөгөөр өөрсдийгөө илүү ихээр мялааж болох уу? Энэ бол эвэртэн туурайтнуудын хувийн мөнгө биш, иргэн Таны, татвар төлөгч бидний мөнгө учраас хот, хөдөө ялгаагүй асуух, мэдэх эрхтэй.
Эрх баригчид төрсөн нутагтаа ажиллаж амьдрахаар ирсэн, мэдэх эрхээ эдлэх гэсэн хүмүүсийг золбин, цагаач, нүүдлийн шувуу гэж ялгаварладаг юм билээ. Аймгийн дарга нарын хүсэлтээр бол Говь-Алтайд нэвтрэх виз авдаг шахуу болох юм байна. Монгол Улсын иргэн Та бид 21 аймаг, 333 сумандаа ажиллаж амьдрах, аялаж зорчих, асуух мэдэх эрхтэй. Юу үнэн, нүд үнэн. Үнэн бол өвчнийг эдгээх гашуун эм. Иргэдийнхээ итгэлийг эвдэж, сэтгэлийг сэвтээсэн үнэнийг мэдээлэх нь хар үг биш. Үнэнийг харах нүдгүй байх нь худлыг хүлээн зөвшөөрөхтэй адил.
Бид Говь-Алтай аймагт эрх баригч АН-ын авлига, зодооны хэргийн шүүгдэгч, яллагдагч, сэжигтнүүдийн ширэн нүүрт, шигшээ багийг танилцуулах болно.