Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүт цахилгааны станцын эхний блокыг өнөөдөр /2024.10.05/ ашиглалтад орууллаа.
600 МВт-ын хүчин чадал бүхий нүүрсэн тэжээлт тус цахилгаан станцын төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй уг цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч ийнхүү аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийлээ. Хоёр дахь ээлжийн 150 МВт-ыг ирэх 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цаашид хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж 600МВт хүчин чадал бүхий цахилгаан станцтай болсноор нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан станцад 540, нүүрсний уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ ажлын байр бий болох боломж бүрдэж байгаа юм. Мөн шинэ цахилгаан станц, уурхайг дагасан суурьшлын бүс бий болж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл авчрах эрчим хүчний нэгэн шинэ эх үүсвэр нээгдэв.
Шинэ станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүтээн байгуулагчид оролцов.