Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яам үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулаад байна.

Тодруулбал, нүд болон шүдний үзлэгийг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг "Орбис" Интернэйшнл олон улсын байгууллага болон АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан бол өнгөрсөн пүрэв гарагт зүрхний эмгэгийн эрт илрүүлэг хийх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, мэргэжил аргазүйгээр хангалаа.

Сургалтын нээлтэд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд оролцон УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ эрүүл монгол иргэдтэй улс болох зорилтоо бид бага насны хүүхдүүдийг эрүүлжүүлэхээс эхлэх ёстой гэдгийг дурдаад цаашид дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулж байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл биетэй хүүхдүүд ирээдүйд улс эх орны хөгжилд маш том өөрчлөлт авчирна хэмээн онцлов.

Нэгдүгээр ангийн сурагчдын энэхүү эрт илрүүлэг нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл бөгөөд эхний ээлжид энэ 10 сараас  эхлэн Улаанбаатар хотын ЕБС-д сурч буй 38 мянган нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулахаар ийнхүү бэлтгэл ажлаа хангаад байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдыг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан хамруулах аж.

Зөвхөн оношлоод орхих бус эмчилгээг давхар хийж, хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавих, цаашлаад сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох эхлэлийг тавьж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол ач холбогдол оршиж байгаа юм.

 

Таны сурталчилгаа