Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батсүхийн Мянганбаяр АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотын Сэйнт Бэнэдикт'с Прэп сургуулийн алдрын танхимын гишүүнээр өргөмжлөгдлөө.
Энэ үйл явдал нь Монголын чөлөөт бөхийн төлөөлөл спортын амжилтаараа АНУ-д Алдрын танхимд нэрээ бичүүлсэн анхны тохиолдол юм.
Б.Мянганбаяр нь одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100% тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгссөн юм.
Тэрээр ийнхүү АНУ-д суурь болон дээд боловсрол эзэмшиж байхдаа чөлөөт бөхийн спортоо орхилгүй бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооноос зохион байгуулдаг Америкийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан 3 түрүүлж, энэ амжилтаараа “All American” цол хүртэж байсан юм.
“Алдрын танхим”-ын гишүүнээр өргөмжлөгдөх ёслолын үйл ажиллагаанд түүнийг дэмжиж ирсэн дотнын найзууд, багш дасгалжуулагчид, багийн гишүүдийн хамтаар оролцлоо.