Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 м2 талбайтай Перинатологийн төв ашиглалтад орсон. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн зургаан давхар, 9000 м2 талбайтай шинэ барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусаж, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны төсөвт тусгагджээ. Онцгойлон төрөх тасгийн засвар хийгдэж гэр бүлтэйгээ хамт, төрдөг 10 өрөөтэй болсноор үйлчлүүлэгчийн болон эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж сайжирсан талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна.