“Мөрөөдлийн гоол 2024-2025” Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд АШУҮИС-ийн ахлах ЕБС-ийн сурагчдын тэмцээнээр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж болон Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Grassroots panel” шалгалтын мэргэжилтэн Nan Zhe, Хятадын Хөлбөмбөгийн Холбооны “Grassroots” хариуцсан мэргэжилтэн, БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны “Grassroots” болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн An Soo Whan нар оролцлоо.
Түүнчлэн сургуулийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Сүхийн зөгийнүүд” клубийн багш дасгалжуулагч нар болон өсвөрийн тамирчдадаа МХБХ-ноос бөмбөг хэрэгсэл бэлэглэсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний “Нийтийн Биеийн тамир” төслийг Монголын Хөлбөмбөгийн холбооноос дэмжин “Нийтийн Хөлбөмбөг” төслийг таван дэд хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар 2023-2024 оны Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг өнгөрсөн жилээс зохион байгуулж байгаа бөгөөд нийт 30 мянга гаруй хүүхэд оролцож 400 гаруй сургуулийг хамруулж байв.