Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг санаатай болон болгоомжгүй байдлаар хохироосон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн дунд үйлдэгддэг байна. Тухайлбал, 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн цагдаагийн газарт хүн хутгалуулж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн алба хаагчид хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн А-г түүний танил М гэгч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ялихгүй шалтгааны улмаас маргалдан, зэвсгийн чанартай зүйлээр бие махбодод нь халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.