Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ "Өнөөгийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд нийт 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ үзүүлэлтээрээ Энхийг сахиулах үйлсэд цэрэг хандивлагч дэлхийн 120 улсаас наймдугаарт, Эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь Бид бүхний нэг томоохон бахархал юм.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 22 мянга гаруй алба хаагчдын нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр ачаар “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” гэсэн нэрийн хуудсыг бий болгож чадсан болохыг тэмдэглээд, цаашид батлан хамгаалах салбарт “Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт” бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ОРОЛЦООГ 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ зорилт дэвшүүлээд байгаа"-г онцлов.
Ийнхүү Монгол Улсаа төлөөлөх энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн үүргээ биелүүлэхээр алс холын Африк тивийн зүг хүлгийн жолоо залахад бэлэн боллоо.