Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.10.07-оос 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд) 41.270 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 222 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 68, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 81, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, бусад 5 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 92.874 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 92.964 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 92.288 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 676 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.666, Танхайрах 107, Хүний биед халдах 386, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 133, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 89.452, бусад 1.220 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 53 иргэнд 15.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 133 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 18, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 43, сураггүй алга болсон хүн 53, шүүхээс даалгасан хүн 32, зөрчил үйлдсэн этгээд 6 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

Энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ж нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 112 ширхэг 23.59 куб метр модыг Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, 29.889.086 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн “Б” бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор экскаватор 3,  алт угаах төхөөрөмж 1 зэргийг ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3,677.9 м.кв талбайд эрэл хайгуул, олборлолт явуулж, 24.459.741 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн “Б”-г 30 орчим хүн айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөгийг нэр бүхий банкны дугаар тоот харилцах данс руу шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “А”-ийн “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий хаягуудад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Тасганы овооны урд замд ингэж зогсоод шээж байх юм...”, 10 дугаар сарын 06-ны өдөр “Энэ машинтай хэдэн залуучууд албан байгууллагын урд наана чинь шээж болдоггүй шүү гэсэн чинь дуугүй бай” гэх мэдээлэл тус бүр нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газруудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус бүр явуулж, зөрчилд холбогдогч иргэн С, Б зэрэг нэр бүхий 4 иргэний “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, гудамж талбайд бие зассан” үйлдэлд энэ оны 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Таны сурталчилгаа