Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт орон нутгийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн. Уг сонгуулиар Ардчилсан нам есөн аймагт ялалт байгуулсан хэдий ч Нийслэл хотод таван суудал авсан нь хангалтгүй үзүүлэлт болсон. Тийм ч учраас тодорхой албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох болсон тухай зарим эх сурвалжууд мэдээлээд байсан юм.
Тодруулбал, Нийслэлийн ардчилсан намын дарга Т.Батцогтыг огцруулж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг томилох тухай асуудлыг өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн аж.
Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодруулахад:
Энэ мэдээллийг би та бүгдтэй адил сая харлаа. Одоогоор надад ямар нэгэн санал тавьсан, зөвшилцсөн асуудал байхгүй байна. Ер нь УИХ-ын сонгуулийн дараа би өөрөө Нийслэлийн намын дарга болъё. Нийслэлийн намыг удирдаж орох сонирхол байна гэдгээ мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй. Одоо яригдаж байгаа юм шиг байна гэв.