Хойд Солонгос ОХУ-ыг дэмжихийн тулд зөвхөн зэр зэвсэг бус, цэргийн хүчээ ч илгээж байгааг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский буруушаав.
Тэрээр ням гарагт өгсөн ярилцлагадаа, “Орос, Хойд Солонгосын харилцаа гүнзгийрч байгааг бид харж байна. Энэ нь зөвхөн зэвсэг солилцох тухай биш. Харин тэд эзлэн түрэмгийлэгч армид цэрэг илгээж байна” гээд “Украин болон түүний холбоотнууд ОХУ-ын эвсэл гүнзгийрч байгаатай холбоотой хариу арга хэмжээгээ сайжруулах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр илүү том хэмжээний дайнаас сэргийлэхийн тулд цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэхийг дахин уриаллаа.
Өнгөрсөн долоо хоногт, Өмнөд Солонгосын Үндэсний Батлан Хамгаалахын сайд Ким Ён Хён Хойд Солонгос Украин дахь дайны талбарт ОХУ-д туслахын тулд цэргээ илгээх “өндөр магадлалтай” гэсэн юм. Мөн Хойд Солонгосын офицерууд Украины дайралтад амь үрэгдсэн талаарх мэдээллүүд үнэн байх боломжтой гэв. Харин ОХУ үүнийг “худал мэдээлэл” гэсэн юм.
2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу бүрэн хэмжээний дайралт эхлүүлснээс хойш Орос, Хойд Солонгос хоёр улсын харилцаа илүү гүнзгийрсэн. Өнгөрсөн 6-р сард Путин Пхеньянд 24 жилийн дараах анхны айлчлалаа хийж, Ким түүнд Украинд хийж буй дайны тал дээр бүрэн дэмжлэг үзүүлэхээ амласан билээ.
АНУ, Өмнөд Солонгос, Украин зэрэг улсууд Оросын дайнд ашиглуулахаар цэрэг, зэвсгээ илгээж байгаад нь Хойд Солонгосыг буруушаасан байр суурьтай байна.
Эх сурвалж: aljazeera.com