Дээгүүрээ озолдсон, доогуураа зодолдсон орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Улс төрд хуучин 30 жилийн усан МАНАН арилаад шинэ 30 жилийн элсэн МАНХАН босов. МАНХАН-ы ард наадам биш найр, сонгууль биш сунгуул хийлээ.
НИТХ-ын 45 суудлын 40-ийг нь МАН эзэлж, АН-д 5 дээр шомбойж, ХҮН-ээс нэг ч хүнгүй үлдээгүй хурал эхэллээ. Дарга нар нь халуун секс хийж, гишүүд нь хулхи бокс тоглоод, эрх мэдлийн кексээ зүслээ. Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр магнаг улаан хөнжилд хөх цэнхэр, бэхэн ягаан дотоожтойгоо хөл дэлгэн хэвтсэний төлөөсөнд Улаанбаатар хотод сөрөг хүчний дуу хоолой утаанд тагларч, түгжээнд гацаж, ногоон автобустай цуг хуучран мартагдав. Нийслэл хотод ирэх 3 жилд 30 их наядын төсөл хөтөлбөр, төсөв хөрөнгө, тусламж зээлээр хэрэгжихэд харах нүд, хараа хяналт, сонсох чих, сөрөх үг дутна.
Хүчтэй сөрөг хүчин болж, нүд, чих болоорой гэж хавар нь өгсөн сонголтыг намар нь мартсанд нь сонгогчид ухамсрын шанаа өглөө. Хүүхэд хүчирхийлэгч, хулгай, дээрмийн хэрэгтнүүд, лайвчид лайчдыг ганц нэгээр нь биш сүрэг сүргээр нь нэр дэвшүүлсний төлбөр. Даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг, үнгэлдээд ч байх шиг үзэлцээд ч байх шиг, түр орлонтой ч юм шиг бүр ороолонтой ч юм шиг. Сөрөг хүчин ч юм шиг, эрх барилцагч ч юм шиг, сексдэнгээ боксдоод ч байх шиг, боксдохдоо сексдээд ч байх шиг. Ялагдал нь тоглоом ч юм шиг, ялалт нь шоглоом ч юм шиг, медаль зүүх гээд ч байх шиг, медалийн оосрыг нь барьж тавих гээд ч байх шиг. Хүний хүн ч юм шиг, нэг хоёр хүний төлөө нэлээн олон хүн ч юм шиг, хүнээ байгаад, хүнээ алдлаа.
Боржуураас өөр шүүх сэдэвгүй, утаа, түгжрэл, цавчаа ногооны талаар ган хийх үггүй, гав хийх дуугүй байсны горыг амсаад, гол гаргуулж амьдарцгаая.
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгууль дууслаа. Авлига хороололд байр худалдах ийм зар явж байна.