Их Британийн контент бүтээгч Испанийн хамгийн өндөр гүүр рүү авирахыг оролдоод амиа алдсан байна.
26 настай уг Англи залуу Испанийн төв хэсэгт орших Талавера де ла Рейна хотын гадна байдаг тус улсын хамгийн өндөр гүүр болох Кастилья-Ла Манча рүү авирч байгаад унаж нас барсан хэмээн тус хотын зөвлөлөөс ням гарагт мэдэгдэв.
Нутгийн зөвлөлийн гишүүн Макарена Муньозийн мэдээлж буйгаар, түүнийг 24 настай өөр нэг Англи залуу дагалдаж явсан байна. Тэрээр цааш нь, “Бидний олж мэдсэнээр тэд гүүрэнд авирч нийгмийн сүлжээндээ зориулан контент бүтээхийн тулд Талавера хотод ирсэн” гэв.
Уг гүүрэнд авирах нь бүрэн хориотой бөгөөд ямар ч тохиолдолд зөвшөөрөгдөхгүй гэдгийг нутгийн зөвлөлөөс олон удаа давтан хэлж байжээ. Гэвч ойрын жилүүдэд нийгмийн сүлжээндээ контент бүтээх гэсэн хүмүүс гүүрэнд авирч амиа алдсаар байгаа гэнэ.
2010 онд баригдаж дууссан тус гүүр нь 180 метр өндөр, гол урт нь 318 метр юм.
Эх сурвалж: CNN