Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед “Улаанбаатар хот өвөлжилтөд бэлэн үү” гэх асуулт нийслэлчүүдэд асуудал болж байна. Товчхондоо хэлбэл манай улс айлаас гал гуйдаг. Энэ өвөл ч мөн “гал алдах уу” гэдэг асуулт хариултаа нэхсээр байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын 11-11 төвд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх үеэр тодорхой асуултуудад хариулт авлаа.
-Улаанбаатар хот өвөлжилтөд бэлэн байгаа юу?
-Улаанбаатар хот өвөлжилтөд бэлэн байгаа.
-Энэ жил оргил ачааллын үед дулааны хязгаарлалт хийх үү. Өнгөрсөн жил “гал алдсан” шүү дээ?
-Их төвөгтэй асуулт байна. Хийгдэж магадгүй. Энэ жил 300 мВт-ын шинэ эх үүсвэр нэмж оруулж ирж байгаа. Гэвч манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2022 он хүртэл хамгийн ихдээ 4.8 хувь өсч байсан юм. Урд жилээсээ. Гэтэл өнгөрсөн жил оргил ачааллын үеэр 12 хувиар, жилийнхээ дунджаас 7 орчим хувиар өссөн. 2024-2025 онд хэрхэн өсөх бол гэж 6-7 сард судалгаа тандалт хийх гэж үзсэн. Бас чадсангүй. Шалтгаан нь судалгаанд оролцож байгаа иргэд, ААН-үүдийн 70 орчим хувь нь өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэр хэмжээнд өсөх вэ гэдгээ шийдээгүй байгаад байна. Бид нар дөхүүлж байгаад ярина гэдэг ийм байдалтай байна.
-Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг тодорхойлсон нарийн тооцоо судалгаа байхгүй байгаа учраас хязгаарлагдаж ч магадгүй, хязгаарлагдахгүй байж магадгүй гэсэн үг үү?
-300мВт-аар хүчин чадлаа нэмээд байхад хэрэглээ маань 350мВт-аар нэмэгдвэл тэр дутагдаж байгаа 50-аа хэмнэж таарна шүү дээ.
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал яригдаад нэлээд олон жил боллоо. 2024 онд эрчим хүчний салбар 274 тэрбумын алдагдалтай ажиллана гэдэг тооцоо судалгаа гарсан байдаг. Энийг яаж нөхөх вэ. Эрчим хүчний үнэ нэмэгдэх юм уу, үгүй юм уу?
-Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Дулааны эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Цахилгаан эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Хэрэглээний халуун усны үнэ ч нэмэгдэх байх. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна.
-Хэдэн хувь нэмэгдэх вэ?
Судалгаа хийж байна. Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний тухай хуулиар бие дааж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргадаг. Судалгаанууд хийж байгаа.
285 төгрөгөөр 1кВт цаг эрчим хүчийг үйлдвэрлээд дамжуулаад түгээгээд хангадаг. Айл өрхүүдэд бид 140 төгрөгөөр борлуулж байна. 50 хувьдаа ч хүрэхгүй шахам байна шүү дээ, цахилгаан эрчим хүчний үнэ.
Дулааны үнэ 1 гигакалори цаг эрчим хүч 90 мянга орчим болно. ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны цахилгаан станцаас авч байгаа дулааны өртөг. Айл өрхийн 1 м2-ын үнэ 506 төгрөг байна. Тэгэхээр 94 мянган төгрөгөөр үйлдвэрлэчхээд 35 мянгаар зарж байна гэсэн үг. Үнэ чөлөөлбөл үйлдвэрлэсэн өртгөөсөө нэмэгдэж зарагдана. Ашиг олохын тулд. Тэр тухай алсын ирээдүй ярина. Одоо алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдэг асуудлыг эхний ээлжид ярина.
Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрийг гаргахаас өөр боломжгүй нөхцөл байдалд тулсан. Энгийнээр хэлбэл тогтой байх уу, тоггүй байх уу гэдэг асуулт тулаад ирчихсэн.