Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Канад улсын иргэн Шэйла Пурвэсыг “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул гардууллаа.
Шэйла Пурвэс нь 2011 оноос хойш манай улсад ажиллаж, хөдөлгөөн засалч, сэргээн засалч мэргэжилтнийг чадавхжуулах, хүний нөөцийг бэлтгэхэд олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.
Шэйла Пурвэс “Протез, ортопедийн үйлдвэр нь тусдаа шинжлэх ухаан юм. Хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөд үйлдвэрийн техникчид, мэргэжилтнээс гадна протез, ортопедийн инженер, хөдөлмөр, хөдөлгөөн засалчаас бүрдсэн баг ажилладаг. Монгол Улсад ийм мэргэжлийн баг ажиллахад хүний нөөц хангалтгүй байна. Мөн протез, ортопедийн инженер, техникчдийн ажиллах орчин тааруу байгаа нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг. Олон улсад хүний хиймэл эрхтэн хийх арга, технологи байнга шинэчлэгдэж байна. Үүнээс суралцах хэрэгтэй байна” гэдгийг хэлж байлаа.
Шэйла Пурвэс нь Бие Бялдар сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын хөдөлмөр засалчдын холбоо, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын танхимын багш, эмч нартай 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Мөн ээжүүдэд зориулж, төрсний дараах сургалтын орчныг сайжруулахад санаачилгатай ажилладаг тухай АШУҮИС-ийн багш нар ярьсан юм.
Манай улсад хөдөлгөөн засалч 4000, хөдөлмөр засалж 2500 хүн хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр 50 гаруй хүн хөдөлмөр засалчаар, 300 хүн хөдөлгөөн засалчаар ажилладаг байна. Улсын хэмжээнд хэл засалч мэргэжилтэй хүн байдаггүй. Харин өнгөрсөн намраас АШУҮИС-ийн Бие бялдар судлалын танхим хэл засалч мэргэжлээр оюутан элсүүлж эхэлжээ. Хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр хөдөлмөр, хөдөлгөөн засалч эмч нарын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.