Цаг үеийн мэдээ

Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэ УИХ-д байгуулжээ. 

Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд 54 хэсгийг байгуулсны нэг нь дээрх ажлын хэсэг юм байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням томилогджээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг ямар хэлбэрээр ажиллах бэ? Ямар үр дүн авчрах бол?

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн нэг болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байна. Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх юм. Өөрөөр хэлбэл, хуулийг бүхэлд нь өөрчилнө. Ийм эрх зүйн боломж бидэнд бий. Уг хуулийн үндсэн ач холбогдол нь Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчныг таатай болгох, төр бизнесийн салбар болон ард иргэдтэй харилцах харилцааг зохицуулах гол хууль болно гэж харж байна. Хуулийн үндсэн санаа нь төрийн зүгээс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах, татвар хураамж, томоохон ордууд, аялал жуулчлалын салбартай холбоотой хуулиудыг батлахад аль байгууллага нь төлөөлөхийг, тэрхүү төлөөлж буй байгууллага нь олон нийтийн, тухайн салбарынхаа төлөөлөл болж чадаж байгаа эсэхийг тогтооно. Өнөөдрийг хүртэл оролцогч бүх талыг хамарсан оролцоог хангаж чадаж байгаа эсэх нь их эргэлзээтэй байж ирсэн. Энэ хүрээнд бид нэгтгэх, хамтаар нь зохион байгуулах, оролцогч талуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх, бизнесийн салбарынхан өөрөө, өөрсдийгөө төлөөлж чаддаг, төртэй хамтарч ажиллаж чаддаг байх хөнгөн, амар нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд манай ажлын хэсэг ажиллана гэсэн зорилготой байна. Олон нийтийн дунд хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ. Бизнесийн салбаруудынхантайгаа уулзана. Бас төрийн байгууллагуудаас холбогдох судалгаа, мэдээлэл авч, хэлэлцүүлнэ. Иргэдээсээ санал авна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын шийдлийн үр дүнд, бие биедээ ээлтэй байх зохицуулалтыг тусгаж, өөрчлөлт оруулахаар зорьж байна. 

Цаашдаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгаа тэлье гэвэл энэ хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байх нь гэж ойлголоо. Энэ хуулийн шинэчлэлийн гол зорилгыг та хувьдаа юу гэж дүгнэж байгаа вэ? 

Энэ хуулийн давуу тал нь Монголын бизнесийн салбар төртэйгөө харилцах үүд хаалга нээлттэй болж, тодорхой эрх үүрэг,  хариуцлага нь тодорхой болох юм. Ингэснээр Монголын бизнесийн орчин бизнес эрхлэгчидтэй ээлтэй, төр засагтай харилцах харилцаа нь тодорхой хариуцлагатай, харилцан ойлголцож, хамтарч ажиллах боломжийг нээх зорилготой хууль юм. 

МҮХАҮТ-ийн хуулийг шинэчилье гэж олон жил ярьсан. Таны бодлоор Энэ хуулийн төсөл шинэчлэгдсэнээр бизнесийн орчныг дэмжих чиглэлээр ямар давуу тал гарах вэ? Ялангуяа бизнесийн орчинд төртэй харилцах харилцааг тодорхой болгох талаар бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж ирсэн шүү дээ? 

Бизнес эрхлэгчид салбар бүрээрээ эсвэл нийт бизнесийн орчны нэгдлээр нийлж, төр засагт дуу хоолойгоо илэрхийлэх, төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт оролцох хамтарч ажиллах, нэгдэж зохион байгуулалтад орох боломж бололцоог бий болгох зорилготой.

Таны сурталчилгаа