Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр. Энэ өдөр хэрхэн өнгөрүүлэх, сүсэгтэн олон хэрхэн сүслэх талаар Монголын бурхан шашинтны Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
-Бурхан багш эхийн ачийг хариулсан өдөр тохиож байна. Энэ өдрийн талаар сүсэгтэн олонд тайлбарлаж өгөөч?
-Намрын сүүл сарын билгийн тооллын 22-ны энэ өдөр Бурхан багш эхийн ачийг хариулаад замбуулинд заларч ирсэн дүйчин өдөр юм. Бурхан багш эхээс мэндлээд замбуулинд морилон ирэхэд ээж нь олон хонолгүй таалал болж, улмаар Гучин гуравт хэмээх тэнгэрийн оронд төрсөн байдаг. Бурхан багш эрдэнэт хүний биеийг төрүүлж, хүн болох боломжийг өгсөн ээжийнхээ ачийг хариулахын тулд хүн болсныхоо хэргийг хамгийн дээдээр гаргаж, бурхны хутгийг олж гэгээрээд, ээжийнхээ ачийг хариулъя хэмээн Гучин гуравт хэмээх тэнгэрийн оронд өөрөө морилсон. Морилохдоо тэнгэрт төрсөн ачит ээждээ болон бусад олон тэнгэрүүдэд дээдийн номыг айлдаж, зовлонгоос хэрхэн гарах замыг ойлгуулж, тэр замаар хөтлөн, улмаар эргэн замбуулиндаа залж ирсэн өдөр нь энэ өдөр. Тийм учраас бид Бурхан багш эхийн ачийг хариулсан билигт өдөр хэмээн бэлгэшээж байдаг.
-Та ээжийнхээ ачийг хариулж чадсан уу?
-Миний хувьд ээжийнхээ ачийг хариулахын төлөө өдөр бүр уншлага ном болоод хийж байгаа бүх үйлдэлдээ шингээн боддог. Хичээдэг. Одоогийн байдлаар би ээжийнхээ ачийг хариулж чадаагүй байгаа. Гэхдээ хариулах оролдлогуудыг үе шаттай хийж байгаа гэж бодож, сүсэлж явдаг.
-Энэ өдөр сүсэгтэн олон юу бодож, сүслэх ёстой вэ. Өөрсдийнхөө хэмжээнд ямар үйл хийвэл ээжийнхээ ачийг хариулж байна гэж бодох вэ?
-Энэхүү дүйчин өдөр бид бүгд өөрсдийн боломжоор аль болох сайхан сэтгэлийг төрүүлэх ёстой юм. Хүн болгонд боломж байдаг. Заавал өөртөө ямар нэгэн нөхцөл боломж бүрдүүлэх шаардлагагүй. Тийм болохоор бүгдээрээ сайхан сэтгэлийг төрүүлье. Яагаад гэвэл бид ийм зүйл бодох оюун ухаантай, өдий зэрэгтэй явах биетэй. Ийм хүний биеийг төрүүлж өгсөн ээж минь өнөөдөр амьд сэрүүн байна уу, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна уу, тэр эрхэм хүмүүсийнхээ ачийг л хариулна гэдэг гол утга нь юм. Яавал надад олгосон энэхүү боломжийг би өөрт болон бусдад, энэ цаг үед болон ирээдүйд тустай болгож хувиргах вэ гэдэгт гол утга учир нь харгалзаж буй. Нэг жишээ дурдвал, энэ насны ээж тэргүүтэн, амьтан бүгд өвчин зовлон муу зүйл бүхнээс хагацаасай, би хагацуулж өгөх юм сан гэж чин сэтгэлээсээ бодоод зул өргөх, Ум ма ни бад мэ хум гээд маань унших хэрэгтэй. Угтаа бол эрх бариад унших ёстой л доо. Гэхдээ боломж бүрдэхгүй байвал амандаа зургаан үсгийн тарниа уншаарай. Ингэж эх болсон зургаан зүйл хамаг амьтан муу бүхнээс гэтлээсэй хэмээн бодох өдөр. Би өнөөдөр ямар байдалтай байна гэж өөрийгөө өнгийж харах, бие, хэл, сэтгэлээ ажиглах юм. Ингээд ажиглахад миний сэтгэлд буруу бодол байна уу, өө энэ буруу байна би засах ёстой шүү, тэгвэл ээж минь намайг төрүүлж өгсөн ачийг жаахан ч гэсэн хариулах үйл болно оо гэж муу сэтгэлийг таньж мэдээд түүнийг засахын төлөө өөртөө амлалт өгөөд хичээдэг, буруу үг хэлдэг, буруу үйлдэл бие биедээ гаргадаг бол түүнийгээ таньж мэдэж, засахын төлөө хичээх өдөр юм. Бид бүгдэд боломж байдаг. Магадгүй хүн бүрийн хийх зохистой үйлдэл энэ мөн. Өөр нэгэн ачтан хэн байна аав ээж, эмээ өвөө хэн ч бай баярлуулах өдөр. Баярлуулна гэдэг нь үнэтэй зүйл авч өгөхөөс илүүтэй өөрийгөө зөв байгааг илэрхийлэх юм. Дээрээс нь өдий зэрэгтэй яваа нь тэдгээр хүмүүсийн ач юм шүү хэмээн илэрхийлэх, цаашлаад тэр хүмүүсээ баярлуулах арга нь өөрийгөө зөв явааг харуулах юм. Хүнийг баярлуулах олон арга буй. Үүний нэгээхэн хэсгийг дурдлаа. Түүнээс гадна хэн нэгнийг гомдоосон, зохисгүй үг үйлдэл гаргасан бол тэр хүндээ залруулга хийх, хэрэв тийм боломжгүй бол дотроо гэмшин би тэр хүнд буруу зүйл хийсэн шүү хэмээн дотроо наманчилбал энэ өдөр бусад өдрөөс ялгаатай нь үр дүн нь хурдан гардаг дүйчин өдөр. Тиймээс энэ өдөр бүгдээрээ хичээж ийм сайхан хүмүүн биеийг хайрласан ижий аавынхаа ачийг хариулахын төлөө улам хичээцгээе.
-Та Монголын бурхан шашинтны тэргүүний хувьд өнөөдөр сүсэгтэн олон дотроо бодож сүсэлж явах маанийг, ерөөлийг хэлж өгөөч?
-Бид бүгд энэ өдөр, ер нь цаашдаа боломж л олдвол Ум ма ни бад мэ хум хэмээх зургаан үсэгт маанийг уншиж байя. Энэ нь өөрөө их нарийн утгатай. Үсэг бүрийн утгыг хураангуйлбал бид өөрт буй бие, хэл, сэтгэлийн алдааг бусдыг энэрэх сэтгэл аливаа юмны мөн чанарыг харсан билэг оюун, үүний тусламжтайгаар бидэнд байж болох мунхаг, ур, шунал, атаа, харам гэх мэт муу сэтгэлүүдээс ангижрахын төлөө хичээх хэрэгтэйг зааж буй утгатай тарни. Үүнийг аль чадлаараа уншиж, улмаар уншсанаа орой унтахын өмнө зориулга болгон ерөөл тавиасай хэмээн айлтгая.
-Бидний ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүсэгтэн олондоо хандах ярилцлагын сүүлчийн хормоо танд үлдээе.
-Нэг ч гэсэн сайн үгийг бусдад дамжуулах боломж олгосон танай хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. Сүсэгтэн олондоо бид бүгдээрээ амар амгаланг хүсдэг. Аз жаргал, сайн сайхныг хүсдэг. Гол нь үүнийгээ бид өөрсдөө хичээж бий болгодог. Тэгж байж нийгэмдээ сайн сайхан зүйлийг бий болгох үүрэгтэй. Энэ талаасаа бүгдээрээ хичээцгээе. Үүнийг дамжуулж байдаг нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл, ялангуяа Зөгий.мн сайт маань Гандантэгчэнлин хийдтэй хамтарч, соён гэгээрэх, нийгэмд эерэг зүйлийг түгээх талдаа хичээж байдагт лав хуврагуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Саяхан таван жилийн ой нь тохиосон та бүгдийнхээ цаашдын ажилд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үүнийг болгоож буй хамаг амьтан эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг өргөе.
С.ОТГОНБАЯР
DR. ADITYA
2024-10-23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00